Л.Энх-Амгалан: БЗС-гийн 3 мянган зээлдэгчийн мэдээллээс 2100 нь алдагдсан, өмнө ажиллаж байсан хүмүүс устгасан
БЗС-гаас олгосон зээл, чөлөөлөлт, эргэн төлөлтийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Иргэн О.Батнайрамдал БЗС-гийн асуудлаар мэдээлэл хийсэн. Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны хүрээнд БЗС-ийн мэдээллийг хамгийн түрүүнд ил болгосон юм. Өнөөдрийн байдлаар тус сангаас 1.2 сая суралцагч зээл авсан байгаа. Өөрөөр хэлбэл, гурван хүний нэг нь БЗС-гаас зээл авсан байна. Үүнээс 3 мянга нь гадаадын их, дээд сургуульд сурч байхдаа зээл авсан байдаг. 1 их наяд төгрөгийг оюутнуудын зээлд зарцуулсан байна.
Мэдээлэл бүгдэд ил тод байгаа. Гэхдээ ил болсон мэдээллийг улс төрийн зорилгоор эсхүл улс төрд тодрох зорилгоор буруу ташаа мэдээллийг хийж байгаа явдалд харамсаж байна. О.Батнайрамдалыг би иргэнийхээ хувьд энэ мэдээллийг хийсэн болов уу гэж бодож байна. О.Батнайрамдал бол МАН-ын нарийн бичгийн дарга гэх хариуцлагатай албан тушаал хашиж байгаа. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 5Ш үйл ажиллагааг бүдгэрүүлж, ард иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж байгаад харамсаж байна" гэлээ.
Мөн тэрээр "БЗС-гийн 3 мянган зээлдэгчийн мэдээллээс 2100 нь алдагдсан, өмнө ажиллаж байсан хүмүүс устгасан гэх мэдээлэл бий. Зээлийн мэдээллийн сангаар мэргэшиж байсан ч ёс зүйн зөрчлөөр тушаал буурч ажиллаж байсан хоёр мэргэжилтний нэг болох н.Сийлэгмаа ажлаасаа гарахдаа БЗС-гийн компьютероос зээлдэгч нартай холбоотой сүүлийн хоёр жилийн мэдээллийг хард диск дээр хуулж аваад, устгасан. Цагдаагийн байгууллагад ханд гэж Гарьд даргад даалгасан. Цагдаад хандсан боловч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдалтай байгаа юм билээ. Гэхдээ устсан гэх мэдээллүүд нь БЗС-гийн компьютероос устсан болохоос БШУЯ-ны архивд хадгалагдаж байгаа.
Албан ёсны тоогоор 2288 суралцагч 220.8 тэрбум төгрөгийг БЗС-гаас авсан байна. Үүнээс
- 101.4 тэрбум төгрөгийг бакалаврын түвшний 428
- 119.4 тэрбум төгрөгийг магистр болон докторантын 1860 байгаа" хэмээлээ.
Тэгвэл бакалаврын түвшний зээл авсан суралцагчид
- Гэрээ хэрэгжиж /ажиллаж/ байгаа 325
- Зээлээ төлсөн 10
- Суралцаж байгаа 78
- Чөлөө авсан 8 байна.
Харин магистр болон докторын түвшнээс,
- Төлж байгаа 34
- Одоо суралцаж байгаа 39
- Гэрээгээ цуцалж зээлээ төлсөн 40
- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230
- Гэрээ хэрэгжиж байгаа 634
- Гэрээ дуусгавар болсон 890 хүн байгаа ажээ.
Л.Энх-Амгалан үргэлжлүүлэн "Бид анх 230 хүүхдийн асуудлыг хөндсөн. Тэд гэрээний үүргээ биелүүлээгүй тул хууль хяналтын байгууллагад хандсан. 27 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн асуудлыг хөндсөн юм" хэмээлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ