УГТЭ-ийн эмч нар Францын багтай хамтарч, мэс заслын тусламж үзүүллээ
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт 2023 оны тавдугаар сарын 7-наас тавдугаар сарын 12-ны өдрүүдэд Францын Страссбургийн Их Сургуулийн Эмнэлгийн зүрхний зөвлөх мэс засалч Филлип Биллау профессор тэргүүтэй төрөлхийн гажиг, хүүхдийн зүрхний мэс заслын баг бүрэлдэхүүн уригдан ирж, хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Энэ удаа хамтарсан мэс заслын баг дотоодын мэргэжилтнүүд бие даан хийх хараахан боломжгүй хүнд хэлбэрийн зүрхний төрөлхийн гажигтай 03 сартай нярай хүүхдээс эхлээд төрөлхийн болоод олдмол гажиг хавсарсан 30 хүртлэх насны нийт 6 эмчлүүлэгчид уушгины венийн бүтэн буруу оролтыг төгс засах, тосгуур ховдлын нэгдсэн сувгийг засаж хавхлага нөхөн сэргээх, гол судасын өгсөх хэсэг болон нум солих, тосгуур хоорондын таславч болон ховдол хоорондын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цоргыг боон, цагаан мөгөөрсөн болон улаан хоолойг бөгжилсөн нэмэлт артерийг салгаж, эгэмний артерид залгаж хавсарсан гажгуудыг засах, хавхлага нөхөн сэргээн зэрэг өндөр түвшний ур чадвар шаардсан мэс заслын тусламжийг амжилттай үзүүлжээ.
Эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан байна.
Мөн зайлшгүй нарийвчилсан оношилгоо хийж онош тодруулах заалт бүхий 30 эмчлүүлэгчид хамтарсан багаар үзлэг оношилгоо хийж, цаашдын эмчилгээний асуудлыг шийдвэрлэсэн байна.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсад хэрэгжиж буй зүрх судасны төслийн хүрээнд Францын Страссбургийн Их Сургуулийн Эмнэлэгтэй урт хугацааны туршид тогтвортой хамтран ажиллах гэрээ байгуулан, хамтарсан багаар ажлын байрны мэс засал сургалт хийх замаар зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулж бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ