Шуурхай: УИХ-ын гишүүдийг тоог 126 болгох санал дээр намууд санал нэгджээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж байгаатай холбогдуулж УИХ-ын гишүүд орон нутагт ажиллалаа. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг дэмжиж байсан ч зарим иргэн гишүүдийн тоог өнөөгийн өргөн барьсан хувилбар дахь 152 гэх тоог бууруулах саналаа хэлсэн. Иймд бид ярилцаж байгаад УИХ-ын гишүүдийн тоог 126-гаар, тойргоор буюу мажоритароор сонгогдох нь 76, хувь тэнцүүлсэн буюу пропорционалиар сонгогдох нь 50 гишүүн байх нь зүйтэй гэдэг дээр гурван нам зөвшилцөлд хүрсэн” гэлээ.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Үндсэн хуульд оруулах өөрчлөлттэй холбоотой өргөн хүрээтэй хэлэлцүүлэг Монгол орон даяар өрнөж байна. Ер нь холимог тогтолцооны хувилбарыг сонгуульд ашиглах ёстой гэдэг дээр өмнөх жилүүдэд ч ярьж ирсэн. Гэхдээ гишүүдийн тоог нэмж, тогтолцооны өөрчлөлтийг хийхээр улс орон сайхан болчих юм шиг хэт өндөр хүлээлттэй байх нь өрөөсгөл. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн хүрээнд Ардчилсан намын зүгээс хүний эрхийг хамгаалах асуудлыг дээшлүүлэх, шүүхийг хараат бус болгох зэрэг таван багц 18 саналыг хүргүүлсэн ч тогтолцоог өөрчлөх тухай асуудлаас өөр санал хэлэлцсэнгүй. Гэхдээ эдгээр асуудлыг цаашид орхигдуулж болохгүй” гэв.
ХҮН-ын гишүүн Т.Доржханд, “Үндсэн хуульд оруулах өөрчлөлттэй холбоотой маш их яриа хэлэлцээ болж байна. Ялангуяа УИХ-ын гишүүдийн тоог бууруулах асуудал чамгүй яригдлаа. Манай намын зүгээс дэвшүүлж байсан хувилбар бол 152 гэсэн тоон дээр байр сууриа илэрхийлж байсан. Учир нь 2040 он гэхэд манай улсын иргэд 5 саяд хүрнэ. Тэр бүрд Үндсэн хуулиа өөрчлөөд байж болохгүй гэх үүднээс өөрсдийн хувилбарыг дэвшүүлсэн юм. Гэхдээ АН-аас дэвшүүлсэн 60х40 гэсэн саналыг хүндэтгэн хүлээж аваад байна. Харин хуулийн төсөл УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд орж ирэх үед Улаанбаатар хотын төлөөллийг нэмэх тухай асуудлыг ярих нь зөв. Одоогийн байдлаар Улаанбаатар хотоос сонгогдсон нэг гишүүн 100 мянган сонгогчийг төлөөлж байхад орон нутгаас сонгогдсон нэг гишүүн 30-40 мянган хүнийг төлөөлж байна. Цаашилбал, хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийн эрх ашиг ч хөндөгдөнө. Тэгэхдээ бүх асуудлыг Үндсэн хуульд тусгах боломжгүй” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ