Говийн хүүхдүүд Франц улсад Монгол урлагаа сонирхуулаад иржээ

Өвөрхангай аймгийн Баруунбаян-улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн авьяаслаг хүүхдүүд Франц улсын Энх тайвны Урлахуй нийгэмлэг, Кристан Морделетын урилгаар тус улсад айлчилж, эх орноо, үндэсний урлагаа сурталчлаад өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирсэн юм. 

Тэд өнөөдөр багш, эцэг эхчүүдийн хамт Төрийн ордонд зочилж, Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ. 

Говийн сумын хүүхдүүд Европт хөл тавьж, Франц улсад 28 хоног аялахдаа таван хотоор орж таван удаа тоглолт хийж 2000 гаруй хүнд монгол урлагаа сонирхуулаад иржээ. Тэд Франц орны хөгжил дэвшил, хүн ардын ахуй соёл, сургуулиудаар нь орж үе тэнгийнхэнтэйгээ танилцан олон сайхан дурсамжтай ирсэн байна. 

Хүүхдүүдийг авч явсан тус сумын Засаг дарга Д.Баатарчулуун урлаг, соёлоо түгээгээд зогсохгүй Францын Брусеи, Ла Батие хотуудтай сумаа холбож, найрамдалт харилцаа тогтоож цаашид бүхий л салбарт хамтран ажиллахаар яриа хэлцлүүд хийгээд ирснээ ярьж байв. Мөн сумын Брусеи, Пуитерс, Албертвилл хотуудын сургуулиудтай холбож, сурагч солилцооны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон гэнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ