Монголбанкны ажилтан Ж.Батхуяг, Н.Батсайхан нар хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн. Санхүүгийн дэмжлэг аваагүй

2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Өнөөдөр” сонины №095 (7654) дугаарт, мэдээмэдээллийн цахим www.isee.mn сайтад “ШУУРХАЙ: Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлжээ” гэх нийтлэл 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нийтлэгдсэн.

Тус нийтлэлд Капитал банкны эрх хүлээн авах зөвлөлийн гишүүд болон Монголбанкны зарим удирдах албан тушаалтныг “албан тушаалаа урвуулж, татвар төлөгчдийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын санд төлсөн Капитал банканд байршуулж байсан хөрөнгөөс өөрсдөдөө давуу байдал бүрдүүлж авсан” гэх худал ташаа мэдээлэлд Монголбанкны зүгээс дараах няцаалт, хариу тайлбарыг хүргүүлж байна.

“Капитал банк” ХХК-ийн төлбөрийн чадвар, хэвийн үйл ажиллагаа алдагдсан мөн тус банканд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгийн дагуу Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар “Капитал банк” ХХК-ийг татан буулгаж банкны эрх хүлээн авагчийг томилсон. Энэхүү шийдвэр нь захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж, хуулийн дагуу гарсан шийдвэр гэдэг нь Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 36 дугаартай тогтоолоор тогтоогдсон байдаг.

Монголбанк Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад “өөрийн ажилтныг Төрийн албаны тухай хуульд зааснаас дордуулахгүйгээр ажиллах нөхцөл, баталгаагаар хангах, ажилтанд хууль тогтоомжийн дагуу санхүүгийн тусламж үзүүлэх, зардлыг гаргах” гэж, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.5 дахь хэсэгт “Банкны эрх хүлээн авагчийн цалин хөлсийг Монголбанк тогтоож, банкны эрх хүлээн авахтай холбоотой зардлыг тухайн банкнаас гаргуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ” болон мөн тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно” гэж заасны дагуу Банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүдтэй “Капитал банкинд томилогдсон банкны эрх хүлээн авагчийн ажиллах гэрээ”-г байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

Мөн Монголбанкны ажилтан Ж.Батхуяг, Н.Батсайхан нар нь хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэсэн бөгөөд дээрх нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсанчлан аливаа давуу байдлыг өөрт болон танил тал, хамаатан садандаа үүсгээгүй, ямар нэг хэмжээгээр мөнгө санхүүгийн дэмжлэг аваагүй болно.

Иймд, “албан тушаалаа урвуулж, татвар төлөгчдийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын санд төлсөн Капитал банканд байршуулж байсан хөрөнгөөс өөрсдөдөө давуу байдал бүрдүүлж авсан” гэх мэдээлэл нь Монголбанкны хуулийн дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагааг гуйвуулсан, эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн үйл баримтыг “Бидэнд олдсон мэдээлэл” гэх нэрээр Монголбанкны албан хаагчдыг “гэм буруутай” мэт олон нийтэд буруу ташаа мэдээлэл тараасан үйлдэл байх тул ийм мэдээлэл тараахгүй байхыг шаардаж, дээрх мэдээллийн агуулгыг баримтад нийцүүлэн нэн даруй залруулахыг шаардаж байна.

МОНГОЛБАНК

СЭТГЭГДЭЛ БИЧИХ