Иргэд эсэргүүцсэн тул гараж буулгаж үйлчилгээний төв барих ажлыг түр зогсоов

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд зөвшөөрөлгүй барьсан 53 гараашийг 2021 онд буулгаж, ногоон байгууламж болгон тохижуулсан. Уг байршлын эсрэг талын гаражуудыг мөн буулгаж автомашины зогсоолтой үйлчилгээний төв барих нийслэлийн захирамж гарчээ.

Үүнд иргэд бухимдаж, эсэргүүцэл илэрхийлж буй тул Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан нар очиж, ажиллав.

Бага талбайд үйлчилгээний төв барьснаар хөдөлгөөн нэмэгдэх тул үйлчилгээний төв барихыг иргэд эсэргүүцэж, ногоон байгууламж, тохижилтын ажил хийхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх гарааш буулгасан газарт тухайн орчны иргэдийн саналын дагуу тохижилтын ажил хийж байгаа. Тийм ч учраас энэхүү асуудлаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазартай уулзалт товлоно. Энэ үеэр компани, иргэдийн төлөөллийг оролцуулна гэдгийг хэллээ.

Мөн тэрбээр дүүргээс аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ, гэхдээ иргэд эсэргүүцэж буй тохиолдолд дэмжих боломжгүй гэдгийг хэлж компанитай зөвшилцөхөөр боллоо. Зөвшилцөлд хүртэл барилгын ажлыг эхлүүлэхгүй, зогсоох арга хэмжээг авна гэв.

Эх сурвалж: Баянзүрх дүүрэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ