АТГ: Д.Нямхүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлнэ
Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгасан зарим хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүг хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хэргийг нь шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг ажилд нь буцааж томилох шийдвэрийг /2021.08.13/ шүүхийн байгууллагаас гаргаж байв. Энэ талаар тухайн үед өөртөө нь холбогдож тодруулахад "Анхан шатны шүүхийн шийдвэр миний талд гарлаа. Салбар яамнаас давж заалдвал дараагийн шатны шүүх рүү шилжинэ. Хэрэв давж заалдахгүйгээр шийдвэр нь хэрэгжвэл болж л байна. Шүүхийн шийдвэрээр би ялбал өнгөрсөн хугацаанд ажилгүй байсан мөнгийг нөхөн төлнө. Хамгийн гол нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалууд маань төлөгдөнө. Надад тэтгэвэрт гарахад хэрэгтэй" гэдгийг хэлж байсан юм.
Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам"-ын удирдах албан тушаалтан Д.Минжмаа нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийгэмлэгт хохирол учруулсан гэх хэрэг, Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнаар ажиллаж байсан н.Уянга нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хууль бус давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна.
Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Мөн нүүрсний хэргээр хоригдож байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг тус компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд буй.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- Хилийн цэргийн …-р ангийн эрх бүхий албан тушаалтан нь албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
- Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын удирдах албан тушаалтан “Г” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж зөрчил гаргагчид давуу байдал бий болгосон гэх;
- “Б” нь Монголбанкны удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа хууль бусаар эд хөрөнгийн давуу байдал бий болгож нэр бүхий аж ахуйн нэгжид 1,435,500,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний хохирол учруулсан гэх;
- Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “У” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эдийн засгийн давуу байдлыг бий болгосон гэх;
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтан “М” нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, нийгэмлэгт хохирол учруулсан гэх;
- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн байранд иргэн “Г” цагдаагийн алба хаагч нарт зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан гэх;
- Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвийн удирдах албан тушаалтан “Э” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх;
- “Б” нь Архангай аймгийн Өлзийт сумын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа хууль бус эдийн засгийн давуу байдал бий болгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль өгөхийг шаардсан гэх;
- Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчийн судлалын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Н” нь хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
- Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтан “О” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд удаа дараа хахууль авсан гэх;
- “У” нь Зам, тээврийн хөгжлийн яамны албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан хууль бус давуу байдал бий болгосон гэх;
- Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын удирдах албан тушаалтан “С”, “Г”, “Ф”, “Ж” нар бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Хилийн мэргэжлийн хяналтын албаны албан тушаалтан “Б”, “С”, “Б”, “Т” нар нэр бүхий иргэдээс хясан боогдуулах замаар хахууль авсан гэх;
- “М” нь Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгон албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, өөртөө давуу байдал бий болгосон гэх.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ