Г.Занданшатар: Иргэд гишүүдийн тоог 152 биш, 108 болон 120 хүртэл нэмэгдүүлэх нь боломжтой гэсэн саналтай байна
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар болон бусад асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, уулзалтууд зохион байгуулан саналыг нь сонслоо.
Уулзалтад оролцож үг хэлсэн иргэдийн тухайд дийлэнх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа боловч 152 болгохыг дэмжихгүй саналтай байна. Харин 108 болон 120 хүртэл нэмэгдүүлэх нь боломжтой хувилбар гэсэн саналыг хэлж байв. Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бүрэн дэмжиж байгаа нь олон намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, олон ургальч үзэл бодлыг илэрхийлсэн парламенттай байхыг хүсч буйн илэрхийлэл гэж УИХ-ын дарга хэллээ.
Гэхдээ жагсаалтаар парламентад орох хүмүүсийн сонголтыг намууд зөв хийхгүй бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим нэг хүмүүс жагсаалтаар халхавч хийхвий хэмээн хардаж буйгаа иргэд хэлж байна. Мөн парламентад нийгмийн бүлгийн төлөөллүүдийг тэгш оролцуулах замаар ардчиллыг бэхжүүлж, хөгжүүлэхийг чухалчлан дэмжих саналтай иргэд багагүй байлаа.
Цар тахлын болон эдийн засгийн бусад хүчин зүйлээс хамаарч иргэдийн ахуй амьдрал нэлэнхүйдээ дордсон учраас шүүмжлэл, бухимдалтай иргэд их байна. Ялангуяа цалин, тэтгэврийг нэмэхгүй бол өдөр тутмын хүнс, гурил, будаагаа арай ядан авч, зарим эм, тариагаа худалдан авч дийлэхээ больсон тухай уулзалт бүрт хөндөгдөж байлаа. Хөдөө орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 15 хүртэлх хувиар нэмэгдсэн тул үүнд нийцүүлэн цалин, тэтгэврийг өсгөхийг олон иргэн шаардсан. УИХ-ын дарга Г.Занданшатар, эдийн засгийн нөхцөл байдал сэргэж, эхний улиралд өсөлт 7.6 хувьд хүрсэн бол оны эцсээр 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй. Энэ өсөлтийг ард иргэдийн амьдралд бодитоор хүргэж, цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх бодлогыг УИХ баримталж байгааг тодотгов. Мөн шударга ёс, баялгийн тэгш хуваарилалтын талаар иргэд санал бодлоо илэрхийлсэн. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэсний үйлдвэрлэлээ үгүй хийж, баялгийн тэгш бус хуваарилалт бий болсон нь ард иргэдийн бухимдлыг төрүүлж, төр засагтаа шахалт, шаардлага тавьж буйг хүлээн авах ёстой гэж үзэж буйгаа УИХ-ын дарга илэрхийлэв. Энэ хүрээнд Үндэсний баялгийн санг байгуулж, байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээмжтэй болгох асуудлыг УИХ-ын яаралтай хэлэлцэж, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД