Зарим байршлын орон сууцанд 10-20, түүнээс ч олон хоногоор халуун ус тасална
Улаанбаатар хотын 2023-2024 оны өвлийн бэлтгэл хангах урсгал засвар, тохижилт, инженерийн хангамжийн чиглэлээр 24 байгууллага 644 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Тухайлбал, дулааны гол шугам сүлжээний засварын 19, цахилгаан хангамжийн шугам, кабель дэд станцуудын засварын 13, шинээр сувагчлал хийх, сувагчлалын хоолойг сэргээн засах, худаг суурилуулах 18, хороолол доторх инженерийн шугам сүлжээний шинэчлэлтийн 8 ажил гүйцэтгэх юм. Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар шинэчлэлтийн 13, халаалтын зуухны засварын 108 ажил, ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин цахилгаан шат шинэчлэх 21 ажил хийхээр төлөвлөжээ.
Мөн авто зам, гүүрийн байгууламжийн 21, инженерийн шугам сүлжээ, дэд төвийн барилга байгууламжийн 32 ажил хийхээс гадна дүүрэг бүрд нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулна. Үүнтэй холбоотой хотын зарим гудамж, талбайд тодорхой өөрчлөлт хийх, ногоон байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, замын хавтан хуулах шаардлага гарч байна. Эдгээр ажлыг төсөвт суулган, төлөвлөгөө гаргаж, бэлтгэл хангасан тул зун хийхээс өөр аргагүй. Иргэдэд чирэгдэл учруулахгүй, өдөр тутмынх нь ажилд аль болох саад болохгүйгээр тохижилт, засвар хийхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа тэмдэглэлээ.
УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж энэ үеэр ярихдаа, “Улаанбаатар хотын 370 км дулааны шугам сүлжээний 90-100 км орчмынх нь, орон сууцны хороолол дундах халаалтын 1223 км шугамын 60 хувийнх нь ашиглалтын хугацаа нь дууссан. Өмнө нь шугам сүлжээг хэсэгчлэн сольж, засаж байсан бол энэ жил гол магистрал шугамуудыг иж бүрнээр нь солино” гэсэн юм.
Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк, нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажлууд хийнэ. Мөн ЕСБХБ-ны хөнгөлөлттэй зээлээр гурван км хос дулааны шугам шинээр татах аж. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр ашиглалтын хугацаа нь дууссан 15.7 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөнө. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 7.4 км хос дулааны шугам шинээр татах, 3.4 км хос шугамыг өргөтгөх шинэчилж байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр 750 метр хос дулааны шугамыг хэсэгчлэн солих юм.
Энэ хүрээнд дулааны гол шугам сүлжээг есөн хэсэгт хуваан тэг зогсолт хийж, 19 байршилд шугам сүлжээг засаж шинэчилнэ. Ингэхдээ энэ оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд шугам сүлжээний засвар, шинэчлэлт хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд зарим байршлын орон сууцанд 10-20 хоног, заримд нь түүнээс олон хоногоор халуун ус тасарна гэдгийг мэдэгдлээ.
Мөн засвар, шинэчлэлийн талаар 748 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл хүргүүлж, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай тусгайлан уулзаж, 9873 өрхөд мэдээлэл өгчээ. Зуны засвар, шинэчлэлийн хүрээнд зөвхөн дулааны шугам биш, цэвэр усны шугам, цахилгааны кабелийг ч иж бүрнээр нь солих аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ