З.Цэвээндорж:"Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2019 оноос хойш нийт 415 шинэ автобус авлаа
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд шинэ автобуснууд авсан ч утаа хаясан хуучин автобус үйлчилгээнд явсаар байгааг иргэд шүүмжилж буй.
Харин хэчнээн нийтийн тээврийн автобус бүртгэлээс хасагдсан болон тээврийн хэрэгсэлд хэрхэн хяналт тавьж үйлчилгээнд гаргадаг болохыг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос тодрууллаа.
Тэрбээр "Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2019 оноос хойш нийт 415 шинэ автобус авлаа.
Өнөөдрийн байдлаар 1,371 автобус бүртгэлтэй байна. Үүнээс 415 нь шинэ автобус, 800 гаруй хуучин автобус үйлчилгээнд явж байна. Шинэ автобус орж ирснээр 415 хуучин автобус бүртгэлээс хасагдсан.
Нийтийн тээврийн үйлчилгээнд одоо явж байгаа 800 гаруй хуучин автобус насжилт нь дууссан гэсэн үг биш. Эдгээр нь 8-11 жил үйлчилгээнд явж байгаа хуучин автобуснууд. Автобусыг 12 жил явсан бол насжилт нь дууссан гэдэг.
2023-2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 810 автобус авна. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээний хуучин автобуснууд шинэчлэгдэж дуусна. Өөрөөр хэлбэл, үйлчилгээнд явж буй утаатай гээд байгаа автобуснууд бүртгэлээс хасагдана.
Нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлээс хасагдсан автобуснуудыг тухайн аж ахуйн нэгжүүд сэлбэг хэрэгсэлд өгөх, төмрийн хогт ачихыг шийддэг" гэв.
Үйлчилгээнд явж байгаа нийтийн тээврийн автобуснаас утаа гардаг тухайд "Нийтийн тээврийн үйлчилгээ 06:20 цагт эхэлдэг. Автобуснууд 05:30 цагаас эхлээд баазаасаа гардаг. Үүнээс өмнө тухайн байгууллагын шалгах механик утаатай, дугуй нь элэгдсэн эсэх, дулаацуулгын ажиллагаа хэвийн эсэх гээд стандартын дагуу бүгдийг шалгадаг. Шалгах явцад утаа гарч байгаа нь бага, ачаалал аваад явахаар элэгдэлд орсон хуучин автобусны утаа илүү мэдрэгддэг байна" хэмээн тайлбарлалаа.
Улаанбаатарын хэмжээнд ажлын өдрүүдэд 107 чиглэлд 993 нийтийн тээврийн автобус үйлчилгээнд явдаг байна. Үлдсэн 400 гаруй автобусыг нөөцөд байлгадаг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ