Монгол Улс Болгар таргийг үйлдвэрлэх Азийн хоёр дахь орон болно
Манай улс Болгарын бактеритай таргийг үйлдвэрлэхээр болжээ. Ингэснээр уг таргийг үйлдвэрлэх эрхтэй Азийн хоёр дахь улс болох аж.
Энэ талаар Болгарын Эдийн засаг, аж үйлдвэрийн яам өчигдөр буюу лхагва гарагт мэдээлэв. Тус мэдэгдэлд Болгарын төрийн өмчит сүүн бүтээгдэхүүний "LB Bulgaricum", манай улсын хүнсний үйлдвэрлэлийн компани болох АПУ нарын хооронд лиценз ашиглах тухай гэрээнд гарын үсэг зурсан талаар дурджээ.
Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Никола Стоянов "Энэхүү хамтын ажиллагааны тухай яриа хэлэлцээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн. Дөрвөн сарын дотор уг ажлыг эцэслэж, гэрээнд гарын үсэг зурлаа. Жинхэнэ Болгарын таргийг Монголд худалдаалах боломж ийн бий боллоо" хэмээлээ.
Тус үйл ажиллагаанд Болгарын Эдийн засаг, аж үйлдвэрийн сайд Никола Стоянов, Монгол Улсаас Бүгд найрамдах Болгар улсад суугаа Элчин сайд Л.Саянаа нар оролцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД