Осолд орсон гадаад иргэнийг БНСУ-д хүргэхийн тулд хахууль авсан гэх ГССҮТ-ийн тасгийн эрхлэгч асанд яллах дүгнэлт үйлджээ
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 43,298, мөрдөн байцаалтын 2,993 хэрэгт хяналт тавьжээ.
Үүнээс нийт 342 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Тухайлбал, нийслэлийн прокурорын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.П нь зам тээврийн ослын улмаас тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан гадаад улсын нэр бүхий иргэнийг Солонгос улс руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд “2,000 ам.доллар өгвөл явна, уг мөнгийг өгөхгүй бол явахгүй” гэх зэргээр хясан боогдуулж аргагүй байдалд оруулан 4,900,000 төгрөгийн хахууль авсан гэх хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 /хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
Мөн инстаграм хаягаас 14 настай хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг явуулж, садар самууныг сурталчилсан, улмаар бэлгийн харьцаанд орохыг санал болгосон иргэн Э.П-д эрүүгийн хуулийн 16.8.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ.
Эрүүгийн хууль:
16.8 дугаар зүйл.Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах
1.Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан; хүүхдээр садар самуун үйлдэл хийлгэсэн; хүүхдэд биеэ үнэлэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгосон бол хоёр мянга долоон зуун нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Шүүхэд шилжүүлсэн хэргийг төрлөөр нь ангилбал:
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 187
- Өмчлөх эрхийн эсрэг 88
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 31
- Хүний амьд явах эрхийн эсрэг 7
- Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 6
- Авлига, албан тушаалын 2
- Эдийн засгийн эсрэг 5
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2
- Мөрийтэй тоглоом зохион байгуулах 2
- Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх, Заналхийлэх, Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх , Хүүхдэд садар самуун сурталчлах , Хил хууль бусаар нэвтрэх , Худал мэдүүлэх тус бүр 1, нийт 342 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн болохыг прокуророос мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ