АТГ-аас хоёр хэрэгт холбоотойгоор 12 объектод нэгжлэг хийжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны дөрөвдүгээр сарын 24-30-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгалаа.

Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 125 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна хэмээн мэдээлэв.

Эрүүгийн 854 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, зургаан хэргийг нэгтгэн, одоогоор нийт 824 хэрэг шалгагдаж байгаа аж.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн нэг мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн хоёр хэрэгт нийт 12 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд:

  • “А” нь Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Гадаадын иргэн, харьяатын газрын албан тушаалтан “М” нь удаа дараагийн үйлдлээр хахууль авсан гэх;
  • Дундговь аймгийн Гурвансайхан сумын удирдах албан тушаалтан “Э” бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Ц” нь Нийслэлийн соёл, урлагийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа албан чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан гэх;
  • УБТЗ-ын албан тушаалтан “Ү” нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • “О” нь улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;
  • “Т” нь төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллаж байхдаа өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байна.

АТГ нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгааг тодотгов.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ