Гарааш чөлөөлсөн талбайг иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан тохижуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгдөг.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа гарааш буулган, чөлөөлсөн талбайд хийх тохижилтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын А/321 дүгээр захирамжаар энэ онд 132 байршилд 2355 гараашны 46,418 ам метр талбайг чөлөөлөхөөр болсон. Тодруулбал, Баянгол дүүрэгт 33 байршилд 782, Баянзүрхэд 21 байршилд 273, Чингэлтэйд таван байршилд 29, Сүхбаатарт 30 байршилд 715, Хан-Уулд 21 байршилд 155, Сонгинохайрхан дүүрэгт 22 байршилд 401 гарааш чөлөөлөх юм.

Ингэхдээ иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан авто зогсоол, тоглоомын талбай, спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг тохижилтын ажил хийнэ. Дөрөвдүгээр сарын 21-ний байдлаар зургаан байршилд 91 гарааш чөлөөлөөд байна.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар гарааш чөлөөлсөн талбайд барилга байгууламж, орон сууц барихгүй гэдгийг тодотголоо. Харин цөөн байршилд иргэдийн санал, хүсэлтэд тулгуурлан хорооны байр, өрхийн эмнэлэг барьж байгаа гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ