Автомашины тос, тосолгооны үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээд тавих шаардлагыг тодорхойлсон байдаг

Манай улсад автотээврийн хэрэгслийг тос, тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх үйлчилгээг 600 орчим иргэн, аж ахуйн нэгж үзүүлдэг гэсэн судалгаа байна.

Автотээврийн хэрэгслийн агрегат, зангилаа, системийг аливаа эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тос, тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх үйл ажиллагааг хийж гүйцэтгэхдээ зориулалтын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан үйлдвэрлэгчээс зөвлөсөн заавар, технологи аргачлалын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг.

Монгол улсын хувьд дээрх харилцааг зохицуулсан бодлого, тэдгээрийн үйл ажиллагаанд мөрдөх стандартчиллын баримт бичиг, зохицуулалт, хяналт хангалтгүй байсан нь тухайн үйл ажиллагааг технологи ажлын дараалалгүй, өөрийн дураар хийж хэрэглэгчийг хохироох нэг үндэслэл болж байсан.

Иймд дээрх харилцааг зохицуулах зорилгоор тос, тосолгооны болон ашиглалтын материалаар автотээврийн хэрэгслийг цэнэглэх үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих шаардлагыг тодорхойлсон MNS 6971 дугаартай, Автотээврийн хэрэгслийг тос, тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглэх үйлчилгээ. Ерөнхий шаардлага нэртэй стандартыг 2022 онд батлан мөрдөж байгаа юм байна.

Өнөөдөр автомашин гангараа биш хэрэглээ болсон бөгөөд бараг айл болгон тээврийн хэрэгсэлтэй байна. Тэгвэл автомашин эзэмшиж замын хөдөлгөөнд оролцогч та төмөр хүлгээ тос, тосолгооны болон ашиглалтын материалаар цэнэглүүлэхдээ ямар шаардлага тавих ёстойгоо өөрсдөө ч мэддэг байхад илүүдэхгүй.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа стандарттай www.estandard.gov.mn цахим хуудаснаас харж танилцаж болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ