“1000 инженер, ажлын байр 2023” сэдэвт өдөрлөг өнөөдөр болно
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг арав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/ хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу энэ төслийг хэрэгжүүлдэг.
Өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшийн хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэн, чанарыг сайжруулах зорилгоор Японд 1000 орчим хүнийг инженерийн чиглэлээр суралцуулна.
Төслийн Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд арлын оронд цахилгааны инженер, мэдээлэл технологи, барилга, механик инженер, архитектур зэрэг чиглэлээр 2-3 жил суралцсан төгсөгчид өнгөрсөн сард эх орондоо эргэн ирсэн.
Тэднийг ажлын байранд зуучлах, эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварыг Монгол Улсынхаа хөгжилд ашиглах зорилгоор “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР-2023” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулна.
Өдөрлөг энэ сарын 25-нд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хичээлийн наймдугаар байрны 12 давхрын хурлын танхимд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ