Польшийн ЭСЯ-ыг Улаанбаатар хотод нээнэ

Бүгд Найрамдах Польш улсын Элчин сайдын яамны нээлт маргааш албан ёсоор болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад энэ сарын 24-26-нд төрийн айлчлал хийнэ.

Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ЭСЯ-аа нээж байгаа аж.

Монгол, Польш улсын хооронд дипломат харилцаа 1950 оны дөрөвдүгээр сарын 14-нд тогтсон.
 
Польш Улс 1960 оноос Улаанбаатарт ЭСЯ-аа нээн ажиллуулж байгаад санхүүгийн бэрхшээлийн улмаас 1995 оны есдүгээр сард ЭСЯ-аа хааж байжээ. Харин 1999 онд ЭСЯ-аа сэргээн нээж, Дипломат 95 орон сууцны байрт байрлаж байсан.
 
Польшийн тал ЭСЯ-аа 2009 онд дахин хааж, Бээжингээс манай улсыг хавсран сууж байсан. Харин 2015 оноос  Варшаваас Монголыг хариуцаж ажиллах Элчин сайдыг томилсон юм. Польшийн Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээх шийдвэрийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргаж, байнгын үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд ийнхүү маргааш албан ёсны нээлт болно.

Харин манай улсын ЭСЯ Варшавт 1959 оноос тасралтгүй ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ