С.Баярцогт гишүүний асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй С.Баярцогтын асуудлыг хаалттай хэлэлцлээ.  Хуралдааны дараа Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэгээс  шийдвэрийн талаар тодруулга авлаа.

- УИХ-ын Ёс зүйн дэд хороо хаалттай хуралдлаа. Хуралдаанаас ямар шийдвэр гарсан бэ?

-Д.Батцогт нарын долоон гишүүнээс УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ёс зүйтэй холбоотой мэдээллүүд нухацтай авч үзэн, хуулийн дагуу Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх тухай саналыг УИХ-ын ирүүлсэн. Ингээд уг саналыг Ёс дэд хороонд шилжүүлсэн. Үүний дагуу Ёс зүйн дэд хороо дүрмийнхээ хүрээнд уг саналыг авч хэлэлцлээ.

Ёс зүйн дэд хороо хууль хяналтын байгууллага биш гэдгийг хэлэх хэрэгтэй. УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. Өнөөдрийн хурлаар “УИХ-ын дэд дарга С.Баярцогт нь  Ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр заалт зөрчсөн байна” гэсэн дүгнэлт хийж байна. Энэ заалтад “УИХ-ын гишүүн хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй” гэсэн байдаг.

Тиймээс С.Баярцогт гишүүн алдаа гаргасан гэж үзсэн. Ёс зүйн  дэд хороо дүрмийн хүрээнд алдаа гаргасан гишүүнд хариуцлага тооцох  дөрвөн үндсэн хэлбэр байдаг.

Сануулах, холбогдох хяналтын байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх, дэг зөрчсөн бол дэгийн хуулийн дагуу хариуцлага тооцох, тухайн гишүүний асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх гэх хариуцлага тооцох хэлбэрүүд бий. Ингээд Ёс зүйн хорооны гишүүд ярилцаж байгаад УИХ-ын дэд дарга С.Баярцогтын асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж хариуцлага тооцох асуудлыг шийдэх нь зүйтэй юм гэсэн шийдвэрийг гаргалаа.

-Ёс зүйн дэд хорооны асуудлаар С.Баянсэлэнгэ гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг ярьсан уу?

-З.Баянсэлэнгэ гишүүнтэй холбоотой асуудал ирсэн байгаа. Гэхдээ тодорхой асуудлуудыг тодруулах шаардлагатай гэж үзээд хойшлуулсан.

Б.Мөнх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ