Б.Жаргалсайхан:Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гээч.. ажил хийх боломж надад өгөөгүй.

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо тав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр Буян компани болон Б.Жаргалсайхантай холбоотой чанаргүй зээлийн талаар авч хэлэлцлээ.

Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан нийтдээ 14 тэрбум төгрөгийн зээл авсан. Хүү нэмэгдүүлсэн хүүтэй нийлээд 17.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээлийн төлөлт хийгдээгүй. 2014 оноос хойш 9 жилийн хугацаанд огт төлөлт хийгдээгүй байна. Уг зээлийг 8 хувийн хүүтэй авсан байна.

Зээлийг авахдаа журам зөрчигдсөн. Яагаад гэвэл муу зээлийн түүхтэй байсан. Хөгжлийн банк, Голомт банк хооронд байгуулагдсан 2013 оны Төсөл санхүүжүүлэх гэрээний 5.2.3.6-д заасан шаардлагыг хангаагүй байхад зээл олгосон.

Урьд нь авч байсан 2012 оны нэгдүгээр сарын 13-нд 2 тэрбум төгрөг, 2012 оны гуравдугаар сарын 19-ний өдөр 9.9 тэрбум төгрөг ХҮҮГҮЙ авч байсан байна. Жаргалсайхан гуай төрийн хайрыг бол их хүртжээ. Хамгийн дээд тал нь 2 хувийн хүүтэй авч байжээ. Энэ үед та УИХ-ын гишүүн байсан байна. Энэ хүнийг шүүхэд өгдөггүй юм уу, банк нь шүүхэд өгдөггүй юм уу? Та энэ зээлийг хэзээ өгөх вэ?

Б.Жаргалсайхан: Би энэ хэлэлцүүлэгт зориуд ирсэн. Янз бүрийн тайлбар тавиад ирэхгүй байж болох байсан. Би энийг шүүх хурал биш хэлэлцүүлэг гэж бодож ирсэн. Би өөрийг чинь УИХ-ын гишүүн гэдгийг чинь мэдэх хэдий ч урьд нь ямар ажил эрхэлж байсан талаар огт мэдэхгүй. Та урьд өмнө ямар ажил эрхэлж байсан талаар танилцуулаач. Би шүүх хуралд ирээгүй та битгий айлга.

Би УИХ-ын гишүүн байсан, Үйлдвэр худалдааны сайд хийж байсан. Энэ хугацаанд нэг ч тендер авч үзээгүй, нэг ч улсын өмч хөрөнгийг хувьчлалаар авч байгаагүй. Ажиллаж байх хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг танай нам авчихсан байхад буцаан авч Эрдэнэт үйлдвэрт өгч байсан. Төмөртэй, Хустайн ордын лицензүүдийг Хятадуудад өгчихсөн байхад хураан авч байсан.

Б.Энхбаяр: Өөр асуудал ярилгүй шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна уу? Энэ авсан зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй байна. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ та 11.9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байна. Энийгээ төлөөгүй муу зээлийн ангилалд орчихсон байхдаа дахин зээл аваад тэрийгээ төлөөгүй байна. Энэ зээлээ төлөхгүй юм уу гэдэгт хариулах хэрэгтэй байна.

Б.Жаргалсайхан: Та аж ахуй эрхэлж 10 хүнд цалин өгч үзээгүй байж хэзээ ч энэ асуудлыг шийдэж чадахгүй. Өнөөдөр МУ-д ямар ч бизнес хийгээд ашиг олох боломжгүй. Та нар нэг банкны алдагдлыг л ярьж байна. Бусад банкнуудыг шалгавал бүгд доошоо цөмөрчихсөн байгаа. Би анх 1995 онд гадаадаас зээл аваад 2 үйлдвэр оруулж ирж барьсан. Танай намын нөхдүүд над руу маш их дайрч доромжилсон. Бүр Лондонгийн арбитрын шүүхэд хүртэл хандсан. Хөрөнгө оруулахаар доромжлоод байдаг.

Б.Энхбаяр: Та зээлээ төлөх юм уу төлөхгүй юм уу?

Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан: "Надаас зээлээ яагаад төлөхгүй байна вэ гэж асууж байна. Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гээч.. ажил хийх боломж надад өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд аваад явчихаж байна .

СЭТГЭГДЭЛ БИЧИХ