Ирина Боковагийн илгээлт
Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал
Ирина Боковагийн илгээсэн илгээлт
2013 оны 04 сарын 23
ЮНЕСКО Ном, зохиогчийн эрхийг хамгаалах өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд тэмдэглэдэг болсон цагаас хойш 17 жил хэдийн өнгөрчээ. Дэлхий даяар ЮНЕСКО-гийн гишүүн улсууд номын хүчээр дамжуулан ард түмнүүдийн соёлыг бэхжүүлэх сайн ирээдүйг бүтээх үйлсэд биднийг нэгтгэж байна.
Бичгийн хэлний соёлыг дэлгэрүүлэхэд уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго оршдог бөгөөд бичиг үсэгт тайлагдах хөтөлбөр, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа, номын худалдаа, номын сангууд болон сургуулийн хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд хөгшидгүй номын үнэ цэнийг хүртэхийг уриалдаг. Ном дэлхийн хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, соёл, мэдээлэл харилцааны холбооны салбарын хөгжилд онцгой хувь нэмэр оруулдаг бидний холбоотон юм.
Эл өдрийн цар хүрээг нэмэгдүүлэх болон номын уншлагыг залуу үе болон хүн амын ядуу хэсэгт хүргэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Бангкок хотыг “Дэлхийн Номын Нийслэл 2013 ” хэмээн тодорхойлсон. Энэ нь бидний зорилго, үйл ажиллагаанд урам зориг өгч буй үйл явдал бөгөөд хэвлэлийн олон төрөл зүйлийг сурталчилж улмаар зохиогчийн эрхийг хамгаалах цаашлаад номыг жигд хүртэх боломж бүрдэж байгаа юм.
ЮНЕСКО Соёлын илэрхийллийн олон төрөл зүйлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай конвенцийн хүрээнд энэхүү үйл ажиллагааг Олон улсын хэвлэн нийтлэгчдийн холбоо, Олон улсын ном худалдаалагчдын холбоо, Олон улсын номын санчдын холбоо гэх зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулдаг.
Хүн төрөлхтнийг урагш хөтлөх биет бус үнэт зүйл буюу удаан хугацааны туршид хэлбэрээ өөрчилсөөр ирсэн номын талаар тунгаан бодохыг бидэнд энэ өдөр уриалдаг. Хэдийгээр бид бүхний хэрэглэж заншсан уламжлалт номын хэлбэр зөөвөрлөхөд хялбар, бат бөх хийгээд цаг хугацааны шалгуур болж ирсэн хэдий ч цахим ном бидний мэдээлэл хүлээн авах эрхийг улам нээлттэй болгож байгаагийн сацуу дэлхий даяар хямд зардлаар мэдээлэл хүртэх боломжийг олгож байна. Номын олон хэлбэр бидэнд соёлын олон төрөл зүйл хийгээд мэдээллийг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэг болон боловсролын салбарт үлэмж хэмжээний дэмжлэгийг үзүүлдэг. Номын олон төрөл зүйл болон редакцийн агуулга нь олон нийтийн бодлогоор хамгаалагдаж, ижил байдлаас ангид байх шаардлагатай. Цаг хугацаа, орон зайг үл харгалзан бидний үзэл бодлоо хуваалцах номын олон төрөл зүйл болон ном бүтээх үйл нь материаллаг эд зүйлтэй харьцуулашгүй бөгөөд хүн төрөлхтний хамтын баялаг болохын зэрэгцээ хамгийн гайхам бүтээл юм.
Ирина Бокова
СЭТГЭГДЭЛ БИЧИХ