Улаанбаатар хотын 350 км автозамыг өргөтгөн шинэчилж, 212 км зам шинээр барина

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.04.23/ хуралдаанаар Улсын төсвийн болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бэлтгэл ажлын явц, байдлын талаар Зам, тээврийн сайд А.Гансүхийн мэдээллийг сонслоо.

2017 он хүртэл нийслэл Улаанбаатар хотын 350 км автозамыг өргөтгөн шинэчилж, 212 км зам шинээр барих ажээ. Мөн 7 газарт гүүрэн гарц, огтлолцлыг барихаар төлөвлөжээ. Дээрх төслүүд хэрэгжсэнээр 2017 он гэхэд Улаанбаатар хотын хатуу хучилттай авто замын сүлжээний нийт урт 925 км болж, хотын хөдөлгөөний түгжрэл ихтэй гол гудамж замуудын уулзварт олон түвшний огтолцол, төмөр зам дээгүүр гүүрэн гарцууд баригдсан байх болно хэмээн мэдээлэлдээ дурдсан.

Сайдын хийсэн мэдээллийн дараа гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Автозамын салбарт шинээр хэрэгжүүлэх 11 арга хэмжээний 9-ийг нь шууд гэрээ байгуулах замаар хийнэ гэж байна. Шууд гэрээ байгуулан ажиллахаар тендерийн хууль зөрчигдөхгүй юу гэж асуусан.

Зам тээврийн сайд А.Гансүх, авто замын хөрөнгө оруулалтын мөнгө бүгд Хөгжлийн банк уруу шилжсэн. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээг тендер зарлахгүй шууд гэрээ байгуулах замаар хийж болох хуулийн заалт бий. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд тэмдэглэл гаргасан байгаа. Тендер зарлахгүйгээр шууд гэрээ хийснээр хууль зөрчигдөхгүй. Нийт 9 компанийг ангилан 25-30 км зам бариулахаар болсон гэсэн хариултыг өгсөн юм. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал замын компаниудыг ямар шалгуураар ангилсан юм бэ гэдгийг сонирхож байлаа. Сайдын тайлбарласнаар компаниудад замыг 25-30 км-ээр хуваан өгснөөр үнийн зөрүү гарахгүй, түүнээс гадна замын ажлыг он дамнуулалгүй цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх давуу талыг бодолцсон ажээ. Замын компаниудыг яамнаас ангилаагүй, Автозамчдын холбооноос ирүүлсэн саналын дагуу ангилсан юм байна.

Энэ жил нийт зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбоно гэж байгаа. Энэ ажлын явц байдлын талаар гишүүд сонирхож байлаа. Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгийн нийслэлтэй холбох нийт 1400 км автозамын ажил эхлээд явж байгаа гэж сайд мэдээлсэн.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ