Бөө нар ёс зүйн дүрэмтэй боллоо
Монгол бөөгийн нэгдсэн эвлэлээс удам тасраагүй ахмад удган зайрангууд ба бусад бөө нарын саналыг авч, олон жилийн судалгааны үндсэн дээр Монгол бөөгийн ёсзүйн дүрмийг эмхэтгэн гаргаснаа мэдээллээ. Энэ талаар Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн зөвлөлийн гишүүн, бөө судлаач Б.Батсайхан мэдээлэл хийсэн юм. Боловсруулан бичсэн ёсзүй нь ерөнхийдөө дүрмийн хэлбэрээр хураангуйлж бичигдсэн бөгөөд Монголын нийт бөө улаач нар даган мөрдөхөөр дүрэмчлэн баталжээ. Мөнх тэнгэрийн бөө шүтлэгийн үндэс суурь ойлголт нь монгол бөөгийн уламжлалт ёсзүй гэдэг. Энэ нь хэн нэгний зохиомол хууль бус мөнх тэнгэрийн бичигдээгүй хууль гэж тэрээр хэлсэн юм. Түүнчлэн “Бөө шүтлэг бол монголчуудын хүчирхэг оршихуйн үндэс суурь, агуу суу ухаан юм. Ямарваа нэгэн суурьгүй зүйлс ямар ч тогтворгүй нуран унадаг билээ. Аливаа үндэстнийг ямар ч эрсдэлээс хамгаалах гол хамгаалалт, дархлаа нь уламжлал юм. Уламжлалаа баримтална гэдэг бол гол шугамаа барина гэсэн үг. Өнөөдөр монгол бөө гол шулуун шугамаасаа нэлээд хазайж гарсан байна. Үүнээс болоод элдэвийн зохиомол хуурмаг жаягууд гарч, мордохын хазгай гэгчээр хазайж гарсан бөө нэртэнгүүд ихэнхдээ албинтаж, тийрэнтэж, сэвтсэн байна. Түүндээ удирдуулсан бөө нэртэнгүүд буруу зүйл их хийж, амжиргааны бөө нэртэнгүүд олноор гарч, иргэдийг хохироож, бөөгийн нэр хүндийг унагааж байна” хэмээн тэрээр ярилаа.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ