Д.Батхуягийн хууль бусаар олгосон лицензүүдийг хүчингүй болгохгүй байхыг хүсэв
АМГ-ын экс удирдлагууд болох Д.Батхуяг, Л.Даваацогт нарыг 2009-2010 онд албаны эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин, нийт 108 ширхэг тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүй олгосныг хууль, хяналтын байгууллагаас тогтоосон. Энэ дагуу анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд шилжүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан билээ. Харин уг шийдвэрээс болж хохироод буй 15 гаруй компанийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд хууль хяналтын байгууллагын ажилтнуудын буруугаас болж, ажил амьдралаа алдаж байна гэлээ.
Учир нь эдгээр компани хайгуулын ажлын зардалд 17.4 тэрбум төгрөгийг зардал гаргаж, кадастрийн газраас арав гаруй шат дамжлагаар шалгуулж байж лицензээ авч, хайгуулын ажлаа эхлүүлж байжээ.
Мөн хохирогчдын өмгөөлөгч Ж.Энхчулуун “Ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, дуусгавар болгосон тохиолдолд эдгээр зөвшөөрлийн талбайд дахин сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгоно гээд заачихсан. Ийм хуулийн зохицуулалт шинээр орсон.
Энэ зохицуулалт 2009 оны нэгдүгээр сарын 8-наас эхлэн мөрдөгдөх учиртай байсан. Гэтэл 2009 онд оруулсан энэ өөрчлөлт өмнө нь олгосон тусгай зөвшөөрлүүдэд үйлчлэх ёстой гэж үзсэн.
Өөрөөр хэлбэл, 2007, 2008 онд олгосон тусгай зөвшөөрлүүдэд дээрх өөрчлөлт хүрч үйлчлэх ёстой гэдэг байдлаар хандсан. Мэдээж хуулийг буцаан хэрэглэх тохиолдол байдаг л даа. Харин энэ хуулийн энэ заалтыг буцаан хэрэглэнэ гэсэн ямар ч заалт, зохицуулалт байхгүйг онцолмоор байна. Хуульзүйн шинжлэх ухааны үүднээс аваад үзсэн ч энэ нь боломжгүй зүйл.
Мөн тусгай зөвшөөрөл олгохыг хориглохоос өмнө тухайн үед үйлчилж байсан хуулийн хүрээнд авсан лицензийн асуудлыг бид яриад байгаа юм. 108-аас хэдийг өмнө нь, хойно нь авсан юм. Үүнийг шалгаж тогтоох ёстой байсан. Гэтэл тэгсэнгүй, нэгийг нь ч асуугаагүй, шалгаагүй.
Шуудхан хэлэхэд мөрдөн байцаалт хэт нэг талыг барьсан. Хэтэрхий хөнгөн хуумгай байдлаар шийдчихсэн гэж харагддаг. Юуг үндэслэж зөвшөөрлийг цуцлаад байгаа нь ч тодорхойгүй” гэлээ.
Ийнхүү Батхуягийн балгаар 15 гаруй компанид 17 тэрбум төгрөгийг хохирол учирч, 1000 гаруй хүний амьдарлаараа хохироод байгаа юм байна.
Тиймээс тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрсөдтэй нь биечлэн уулзаж, лицензийг хүчингүй болгохгүй гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ