Галт тэрэг дэлбэлэхийг завдсан этгээдүүдийг баривчиллаа

Эрх баригчид “Аль-Каида” бүлэглэлтэй  холбогдолтой террорын томхон хуйвалдаанаас сэрэмжилж чадлаа гэж Канадын цагдаагийн байгууллага мэдээлжээ.

Хоёр сэжигтнийг баривчилсан байна. Тэд Торонто хотоос Нью-Йорк руу явах байсан галт тэргэнд бөмбөг дэлбэлэхээр төлөвлөж байжээ.

Сэжигтэн 30 настай Хинеб Эссенгаер, 35 настай Раид Жасер нарыг даваа гаригт Монреаль, Торонто хотод баривчилсан байна. Мягмар гаригт шүүх таслан зогсоох талаар авч болох арга хэмжээ болон барьцааны тухай асуудлыг шийдвэрлэнэ.

Канадын радио өргөн нэвтрүүлгийн корпорацийн мэдээлснээр, хуйвалдагчдыг даваа гаригийн өглөө баривчилсан бөгөөд тэднийг нэг жилийн турш ажиглаж байжээ.

Энэ хуйвалдаан нь өнгөрсөн долоо хоногт Бостонд болсон дэлбэрэлттэй огт холбоогүйг цагдаагийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Мөрдөн шалгах ажилд америкийн тусгай албад, түүний дотор Холбооны мөрдөх товчооныхон оролцжээ.

Цагдаагийн төлөөлөгчийн хэлснээр, баривчлагдсан этгээдүүд Канадын иргэн биш бөгөөд Иран дахь “Аль-Каида” бүлэглэлийн талынхантай холбоотой байжээ. Галт  тэрэг дэлбэлэх ажил бэлтгэлийн шатандаа байсан бөгөөд шууд аюул учруулаагүй юм гэж цагдаагийн байгууллага үзэж байна.

Гэсэн ч терроризмын эсрэг хууль тогтоомжийг чангатгах хуулийн төслийг Канадын парламентад хэлэлцэж байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ