Улс төрийн хамгийн эрсдэлтэй алхам бол үнэнээ хүлээн зөвшөөрөх
Монголын улс төрчдийн ойлголтоор бол улс төрийн хамгийн эрсдэлтэй алхам бол үнэнээ хүлээн зөвшөөрөх. Хэрэв үнэнээ хүлээн зөвшөөрөх аваас улс төр, улс төр биш болж улстөрч, улстөрч биш болно гэсэн хачин логик манай улс төрийн хүрээнд сүүлийн хорин жилд бий болоод байна.
Үүний улмаас хөрөнгө орлогоо нуух, элдэв асуудалд орооцолдсноо булзааруулах, энд тэндээс “Тамирын мөсийг долоох шахан олж цуглуулсан” элдэв хөрөнгөө гадаадын банкинд хадгалуулах, нуух, зарим нь бүр энд тэнд хадгалуулсан хөрөнгө мөнгөө мартах ч тохиолдол гарч байгаа нь жинхэнэ улстөрчийн илэрхийлэл гэнэ. Гэтэл дэлхийн хөгжингүй, ардчилсан улс оронд улстөрч хүн ард түмний төлөөлөл байдаг ч гэх шиг. Харин Монгол Улсад улс төрч бол зөвхөн өөрөө өөрийгөө улс төрд төлөөлөхөөс гадна гадаадын улс оронд Монгол Улсын хөрөнгөөр зугаалж, өөрийгөө төлөөлөн гадаадын улс оронтой харилцдаг байна.
Хүний төрөлх мөн чанар нь зөвхөн өөрийгөө бодох бус өрөөлийг хамт бодож байж гэмээнэ сая жаргалын амтыг мэдэрдэг. Хажууд чинь хүн зовж байхад түүнд хүртээлгүйгээр аз жаргалыг чи эдэлж байгаа бол, тэрхүү хэмжээлшгүй их аз жаргалаасаа өчүүхэнийг ч болов тэрхүү хүнд өгөх сэтгэл үгүй бол харин ч түүнээс илүү түмэн зовлонг аз жаргалынхаа хариуд эдлэх болно. Мянган хүний уйлсан нулимсан дунд чи ганцаараа жаргана гэвэл аз жаргалын мөн чанар үл амтагдана чамд. Аз жаргал хийгээд түүний тухай өгүүлсэн иймэрхүү түг түмэн ишлэл байх. Харин Монголын улстөрчдийн хувьд энэ бүх үг огт хамаагүй. Зөвхөн би л олж, би л болж байвал, би л бусдаас өрсч чадвал гэсэн сэтгэхүй ардчилал гэсэн уриатай хамт тэдний тархинд гүн бат суусан байна. Энэ сэтгэхүйгээсээ салж чадаагүй цагт ардчилал буюу өрсөх сэтгэхүй нь өөрөө нийгмийг хүндээр өвчлүүлж, тамирдуулж, бүр туйлдуулж байна.
Гадаад хадгаламжтай хүмүүс төрийн өндөр албан тушаалд үл ажиллах хуулийг яаралтай батлах хэрэгтэй. Нэгэнт эх орноо гэх сэтгэлгүй хүнд төрийн жолоо атгуулна гэдэг агсам морь унаад хаа хүрэхээ мэдэхгүй яваа хүнээс ялгаа юуны өөр. Түүнээс гадна УИХ-аар хэлэлцэх асуудал, ард нийтээс санал асуулга авах ажил үүргийн хувиарыг яаралтай бий болгох хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг тухайн сонгогдсон тойргийнхоо ард түмний төлөөлөл. Гэтэл УИХ-ын индэр дээрээс намайг сонгосон, миний тойргийн ард иргэд ингэж үзэж байна гэж хэлдэг нэг ч УИХ-ын гишүүн байхгүй. Манай намын, бүлгийн, компанийн эрх ашиг ингэж зөрчигдөж байна, би халдашгүй бүрэн эрхтэй УИХ-ын гишүүн гэж цээжээ дэлдэхээс намайг хэн сонголоо, би хэнийг төлөөлж байгаа билээ гэдгээ эрэгцүүлдэг эрүүл ухаантай төрийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн “Улаан ном”-нд орсон цаг үед бид амьдарч байна.
Өөрийгөө боддог, бусдаас өрсөхийн тулд амьдарч, өөрийгөө хуулиар хамгаалуулж, гадаадад хадгаламж эзэмшиж, би л гэсэн тойрог дотор амьдарч буй хүмүүст хамгийн аймшигтай юм бол үнэн. Монголын улстөрчдийн хувьд үнэн гэдэг цаазын тавцан. Тэд үнэнээ хүлээх л юм бол мөхөл, сүйрэлрүү гинжин хэлхээгээр хөтлөлцөн эргэж үл ирэх хязгаар луу явах эхний бөгөөд эцсийн шалтгаан нь байх болно. Үл итгэх, үл хүндэтгэх, үл хүлээн зөвшөөрөх увайгүй алхамыг олон улс төрчид хийсээр байна. Монголын ард түмэн ядуурч, Дэнжийн мянгаас цайндаа хийгээд уух ганц шулсан яс авахын тулд боолын хөдөлмөр эрхэлж байна. Гэтэл УИХ-ын индэр дээрээс “Мах, нүүрсний үнэ буулгалаа, ард түмэн яаж амьдарч байгааг би мэднэ” гэх залуухан, халуухан улстөрч цагаан захтай цамц, тас хар гоонжийнхоо цаанаас эвлэгхэн дуугарах. Хахир өвлийн хүйтэнд тэс хөлдүү ширэм авч, нойтон мод зулж, нүүрс түлэхийн зовлон үзээгүй хүнд нэг ширхэг бөөрөнхий хар нүүрс ямар их илч түгээдгийг мэдэхгүй байх нь аргаггүй. Тиймдээ ч нүүрсний үнэ буусанд эгдүүцээ биз дээ хөөрхий.
Тэнэг, муу санаатай, шуналтай, атгаг, хувиа хичээсэн, ханаж цадахыг үл мэдэгч, юунаас ч үл ичигч Монголын улс төрийн нүүр царайг дэлхий дахин танихын хэрээр зугтана уу гэхээс алтан гургуул шиг донгодож, аргат үнэг шиг шарвалзлаа ч эргэж ханилах нь юу л бол. Дэлхийд данстай, хүчирхэг гүрэн улс байя гэвэл улстөрчид нь “Улс төрийн хамгийн эрсдэлтэй алхам бол үнэнээ хүлээн зөвшөөрөх” гэдэг ухагдахууныг л тасар татаад хаячих. Та нар ч гэгээрнэ, сэтгэл санаа тань ариусна, ард түмэнд ч төрдөө итгэх итгэлийн зул сэтгэлд бадамлах болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ