Эрүүл мэндийн яам АТГ-тай хамтран ажиллахаар болов
Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан хүмүүстэй холбоотой, гэмт хэргийг хуулийн байгууллага шалгаж буйтай холбогдуулан авлигаас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод нээлттэй байлгах, төрийн албан хаагчдыг ашиг сонирхлоос ангид байлгах ажлыг эрчимжүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболдыг урьж, хамтарч ажиллах хүсэлт тавин хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлгийн хүрээнд авлигатай тэмцэх чиглэлээр соён гэгээрүүлэх, сургалт явуулах, салбар дотор сургагч багшийг бэлтгэх, эрүүл мэндийн салбарт гарч болзошгүй авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.
ЭМЯ-ныхан авилга үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг дүрэм, журмыг өөрчлөх, хууль тогтоомжид байхгүй төлбөрийг иргэдээс авахгүй байх, хуулиар хориглосны дагуу давхар хөдөлмөр эрхлэлтийг зогсоох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хороог Дэд сайдаар ахлуулан ажиллуулах зэрэг асуудлаар хамтарч ажиллахаар болжээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд “Авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” тушаал гаргаж, үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн салбарт сайн засаглалыг нэвтрүүлэхээр ЭМЯ-ны дотоод аудитын хороо хуралдаж тус салбарын хөрөнгө оруулалт, төсвийн зарцуулалт,үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөг хэлэлцжээ.
Н.Мөрөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ