Цагдаа, цэргийнхэн уртасгасан цагаар ажиллана
Улаанбаатар хотноо энэ сарын 26-29-ний өдрүүдэд “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал” болно. Тэгвэл гадны улс орны 1000 гаруй томоохон төлөөлөгчид хүрэлцэн ирэх тус арга хэмжээтэй холбогдуулан цагдаагийн байгууллага, алба хаагчид тэдгээр зочид, төлөөлөгчдийг Монгол Улсад байх хугацаанд аюулгүй байдал, хэв журмын хамгаалалт, зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахаар ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг гарч төлөвлөгөө, зохион байгуулах ажил, хүн хүч, техник хэрэгслийг төлөвлөн ажиллаж эхэлжээ. Мөн энэ үеэр гэмт хэрэг зөрчилгүй, амар тайван байх, зам тээврийн осол авааргүй, түгжрэл саад бага байх үүднээс цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ажиллах аж. Түүнчлэн хүч нэмэгдүүлэн ХСИС-ийн цагдаагийн сургуулийн сонсогчид, дотоодын цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг татан оролцуулахаар төлөвлөсөн байна.
ЦЕГ-ын Мэдээд шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утасны дуудлага авах шугамыг нэмэгдүүлжээ. НҮБ-ын зөвшөөрөгдсөн таван хэл дээр мэдээлэл авах алба хаагчдыг ажиллуулах, дүүргүүдэд гадаад хэлтэй алба хаагчдыг томилон ажиллуулах, гадаад хэлтэй зэвсэгт хүчний алба хаагчдыг авч ажиллуулахаар болжээ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ