Компьютерийн нөлөөнөөс нүдээ хэрхэн хамгаалах вэ
Хараа муудах асуудал компьютерээр үндсэн ажлаа гүйцэтгэдэг олон хүнд тохиолддог. Учир нь хүний харааны систем мониторын дэлгэц дээрх дүрсийг таньж мэдэхэд муу дассан байдаг. Компьютер дээр гүйцэтгэдэг ажлын мөн чанар нь бичвэрийг шивэх буюу унших, интерфейс зургийн деталийг зурах юмуу эсвэл судлахад чиглэгддэг. Энэ бүхэн нь хүний нүдэнд асар их ачаалал өгдөг. Учир нь дисплейн дэлгэц дээрх дүрс нь цаасан дээрх тасралтгүй үргэлжлэх шугамнаас бус, харин гэрэлтэж, гялалзсан тусдаа тусдаа цэгүүдээс бүрддэг.
Программын чанаргүй хангамж ч нүдний хараанд багагүй хор учруулдаг. Таны ашигладаг программын цонхны эвлүүлэг, шрифт, өнгөний тохиромжгүй сонголт хараанд маш муугаар нөлөөлдөг. Түүнчлэн мониторын зохисгүй байрлал, ажлын байрны буруу зохион байгуулалт ч бас хараа муудахад нөлөөлдөг. Эдгээрээс болоод компьютер дээр хийх ажил харааны ачааллыг ноцтойгоор нэмэгдүүлдэг. Түүнээс гадна мониторын чанар муу, ашиглаж байгаа программын интерфейс тохироогүй бол харах чадварыг сулруулах, нүднээс нулимс гоожих, толгой өвдөх, ядрах, дүрс давхарлан харагдах зэрэг янз бүрийн урхаг дагавар учруулдаг... Энэ үзэгдлийг “компьютерын харааны хам шинж өвчин” хэмээн нэрлэх болжээ.
ХАРААНЫ ЭРҮҮЛ АХУЙН ҮНДСЭН ДҮРМҮҮД
• КОМПЬЮТЕРЫН АЖЛЫН БАЙР
Энэ нь хангалттай гэрэлтэй, гэрэл нь ажлын орон зайн бүх талбайд жигд хуваарилагдсан, гэрлийн цацраг нь нүд рүү шууд тусахааргүй байх ёстой. Компьютераа сайн монитороор бүрдүүлэн, түүнийгээ зөв тохируулж, чанартай программ ашиглах хэрэгтэй.
• НҮДНИЙ ТУСГАЙ ТЭЖЭЭЛ
Хараа нь муудсан хүмүүс нүдний торлогийн судсуудыг бэхжүүлдэг нэрс, улаалзгана, лууван гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байх хэрэгтэй. Харалган хүмүүс хоолондоо лагч загасны элэг, ногоо: яншуй, шанцай, гоньд, ногоон сонгино зэргийг хэрэглэж байвал зохино.Нүдний торлог гэмтсэн үед нохойн хошууны ханд, цангис тус болдог.
• ХАРАА САЙЖРУУЛАХАД ЯМАР ЭМ БЭЛДМЭЛҮҮД ТУС БОЛДОГ ВЭ
Нүдний хараа сайжруулахад амин дэмүүд, ялангуяа цайр, кальц гэх мэт бичил элемент бүхий амин дэмүүд хосолсон иж бүрэн холимог амин дэмүүд, нэрсэнд тулгуурлан бүтээсэн эм бэлдмэлүүд тус болдог. Нүд өвчилсөн үед жилд нэг удаа загасны тос уух курс эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Усан үзэм, самар дотор агуулагддаг ресвератрол гэдэг бодис нүдний цусны судсыг хамгаалдаг. Гэхдээ эмч нар сэрэмжлүүлэн анхааруулж, өдөрт 250 гр-ийг хэрэглэж байх хэмжээг дагаж мөрдөж байвал зохино гэж үздэг байна.
• НҮДНИЙ ГИМНАСТИК
Компьютер дээр ажилладаг хүмүүс, түүнчлэн нүдний ядаргаа тусдаг хүмүүс “нүдний” иж бүрэн дасгал хийж байвал зохино. Нүдний дасгал ихэвчлэн таван минутаас хэтэрдэггүй. Түүнчлэн йогийн дасгал хийгээд үзэхэд гэмгүй.
1. Нүдээ барагцаагаар 10 секунд хэртэй анивчих.
2. Барагцаагаар 5-10 секунд хэртэй нүдээ түргэн цавчлах.
3. Нүдээ хэд хэдэн удаа дугуйруулан эргэлдүүлэх.
4. Нүднийхээ фокусыг хэдэнтээ өөрчлөх, Үүний тулд эхлээд цонхон дээрээ байгаа ямар нэг цэгийг(хэрвээ цонхон дээр тань цэг харагдахгүй байвал жижигхэн цаас нааж болно), дараа нь алсыг (үүл рүү, эсвэл алс байгаа байшин руу) хараарай.
Ядаргаагаа гаргаж, нүдээ өвдөхөөс сэрэмжлэхэд бигнүүр тавих, нүдээ хар болон ногоон цайгаар угаах, нүдээ аниад балжин гармын бүлээсгэсэн хандаар шавших зэрэг нь тус болдог.
* * *
Нүдээ тогтмол шалгаж, нүдний эмчид жилд нэгээс доошгүй удаа үзүүлж байх хэрэгтэй. Мэргэжлийн эмчээр хараагаа тогтмол шалгуулж байвал хамгийн эхэн үед нь асуудлыг илрүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ эрт авахад тус болно. Түүнчлэн эмч хараагаа засах аргуудыг зааж хэлж өгнө.
* * *
Хэрвээ та нүдний шил юмуу контакт линз зүүдэг бол хаа хамаагүй газраас бус, эмчээсээ авч, эдгээрийгээ арчлах түвэгтэй бус дүрмийг мөрдөж байгаарай.
* * *
Нүдээ нарны цацрагийн хэт ягаан туяаны нөлөөнөөс хамгаалж байх хэрэгтэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ