Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо
Монгол Улсын Засгийн газар, Европын Комисс хоорондын төсвийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Траян Христеа нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийн хүрээнд орлогын хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, төсөв санхүүгийн удирдлагыг сайжруулах болон хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээнд зориулан Европын Холбооноос Монгол Улсын Засгийн газарт 2020-2024 оны хооронд 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжийг олгох юм.
Үүнээс 43 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр олгох бол 7.8 сая еврог дээрх бодлогын арга хэмжээг дэмжих техник туслалцааны төслийг Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага хамтран хэрэгжүүлэхэд зарцуулах аж.
Европын Холбооноос Монгол Улсад анх удаа төсвийн дэмжлэг олгож байгаа бөгөөд Засгийн газраас COVID-19-ийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилгоор 16 сая еврогийн эхний ээлжийн санхүүжилтийг нэн даруй хийхээр төлөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ