Н.Алтанхуяг: Засгийн газрыг унтраах гэсэн бодолтой хүмүүс байна
"Ерөнхий сайдын 30 минут” уулзалт дөнгөж сая Төрийн ордонд боллоо. Уулзалтаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засаг, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн үед эдийн засаг хүндэрч байгаа талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал хүнд байгааг олон талын эдийн засагчид олон талаас нь тайлбарлаж байгаа.
Өнөөдрийн байдлаар нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа талаарх статистик судалгаа гарсан байгаа. Үүнд тулгуурлаж, эдийн засгийн асуудлыг би таван зүйлээр ялгаж хэлмээр байна.
Эдийн засгийн нөхцөл байдлыг таван зүйлээр авч үзэж болно. Үүнд эдийн засгийн өсөлт эхний зургаан сарын байдлаар 11,3 хувиар өссөн, инфляци буюу үнийн өсөлт 8,3 хувь, өмнөх онд 14 хувь хүртэл өссөн байсан.
Өөрөөр хэлбэл, инфляци хоёр дахин бага байгаа юм. Гурав дахь үзүүлэлт нь ажлын байр. Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулснаар ажлын байраар хангах асуудалд түлхүү анхаарсан.
Үүний дүнд энэ жил 37 мянган ажлын байр бий болсон. Харин үлдсэн хоёр үзүүлэлт нь сөрөг байгаа” гэлээ. Ерөнхий сайдын хэлснээр эдийн засгийг үнэлэх үзүүлэлтийн гурав нь эерэг, харин хоёр үзүүлэлт дээр бид анхаарч ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулалт, валютын ханшийн өсөлт орж байгаа аж. Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Засгийн газрын харлуулах гэсэн, унтраах гэсэн үзэлтэй хүмүүс маш их байна.Удахгүй бид нэг жилийнхээ хийсэн ажлаа ард түмэндээ тайлагнах болно. Тэр үед Шинэчлэлийн Засгийн газар юу хийсэнд ард түмэн дүнгээ тавих байх” гэлээ.
Хөрөнгө оруулалт гурван асуудлаас болж саатсан
Гадаадын хөрөнгө оруулалт буурсныг Оюутолгой оруулах ёстой хөрөнгө оруулалтаа оруулаад дууссан бөгөөд шинэ хөрөнгө оруулалт буюу гүний уурхайд хөрөнгө оруулалт оруулах асуудлыг ярилцаж байгаа гэлээ.
Хөрөнгө оруулалтыг бууруулах нэг шалтгаан нь хөрөнгө оруулалтын хязгаарласан гэсэн сүүлийн хоёр жил ярьсан яриа дуусаагүй байгаатай холбоотой, Урт нэртэй хуулийн хүрээнд дундаж хөрөнгө оруулалттай компаниудын үйл ажиллагаа зогссон гэсэн гурван зүйл нөлөөлсөн гэж Засгийн газар үзэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.
Тиймээс эдгээр асуудлыг нягталж, ажиллаж байгаа гэлээ. Шаардлага гарвал хуулинд өөрчлөл оруулах асуудлыг УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Харин Валютын ханшийн уналттай холбоотойгоор томоохон гүтгэлэгийн компанит ажил явж байна.
Сонин хэвлэлд буруу, зөрүү мэдээлэл төлбөртэй өгөх зэрэг асуудал гарч байгаа гэлээ. Ер нь бол валютын өсөлт Цагаан сар, хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө өсдөг үзэгдэл байдаг учраас түр зуурын асуудал гэж үзэж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Татвар нэмэхгүй
Засгийн газар хямарсан, мөнгө олох гэж татвараа нэмэх гэж байгаа, найман хувийн зээл дуусч байгаа гэх мэтийн сөрөг мэдээлэл Засгийн газрын эсрэг чиглэж буй. Гэвч Ерөнхий сайд энэ бүгдийг санаатай үйлдэл хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм.
Тухайлбал, Татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж байгаа юм байна. Энэ хуульд жижиг өөрчлөлтүүд хийх гэнэ. Тодруулбал, татвараас зайлсхийн ашиг олохгүй байгаа гэсэн хуурамч тайлан ихээр гаргах болсон юм байна.
Энэ асуудалд зохицуулалт хийх зэрэг жижиг зүйл яригдаж байгаа аж. Ерөнхий сайдын хэлснээр Засгийн газрын үйл ажиллагаа цаашид үргэлжилнэ, найман хувийн хүүтэй зогсохгүй, татвар нэмэгдэхгүй, бензин шатахууны үнэ нэмэгдэхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байгааг дуулгасан.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ