Т.Баясах: Орон нутгийг хөгжүүлэх сангаас зургаан цэцэрлэг шинээр барина

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т.Баясахаас тодрууллаа.

-Цэцэрлэгийн бүртгэл хэдэн хувьтай явагдаж байна. Цэцэрлэгийн насны хэчнээн хүүхэд байгаа вэ?

-Өнгөрсөн долоо хоногт цэцэрлэгийн бүртгэл эхэлсэн. Бүртгэлийн явцад ямар нэгэн хүндрэл, гомдол гараагүй байна. Манай дүүргийн хэмжээнд 6000 гаруй цэцэрлэгийн насны хүүхэд байгаа. Үүнээс урьдчилсан байдлаар 4000 орчим хүүхэд нь хамрагдан хэмээн тооцоо судалгаа гараад байна. Төрийн өмчийн 29, хувийн 56 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ жилдээ багтаж энэ тоо өснө.

-Цэцэрлэгүүдийн засварын ажил дууссан уу. Шинээр нэмж цэцэрлэг барьж байгаа юу?

-Засвар шинэчлэлийн 90 хувьтай явагдаж байна. Дүүргийн орон нутгийг хөгжүүлэх сангаас энэ жилдээ багтаж зургаан цэцэрлэг барихаар болсон. Манай нийт 28 хорооноос 10-н хороонд цэцэрлэг байхгүй. Иймд тус 10-н хорооноос зургаад нь шинээр цэцэрлэг барихаар болоод байна. Орон нутгийг хөгжүүлэх санд 4.4 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Энэхүү мөнгийг иргэдийн санал дээр үндэслэн зарцуулна. Энэ ч хүрээд нийт 180 мянган иргэнээс онлайнаар болон бичгээр санал авсан. Үүний үр дүнд нэгдүгээр хийх ёстой ажил бол шинээр цэцэрлэг барих ёстой гэсэн байсан. Энэ хүрээнд гэр хорооллын дөрвөн хороо, орон сууцны хоёр хороонд канад технологи буюу хамгийн хурдан чанартай технологиор цэцэрлэг барихаар болсон.

-Эдгээр цэцэрлэгүүдийн барилгын ажил хэдэн хувьтай явагдаж байна вэ?

-Төсөвт мөнгө нь тусгагдсан байгаа. Одоо тендер зарлана. Газар чөлөөлөх ажил явагдаж байна.

-Сургуулийн завсарын ажил дууссан уу. Есдүгээр сарын 1-нд сурагчидаа хүлээн авахад бэлэн үү?

-Манай дүүргийн хэмжээнд улсын 21, хувийн 16 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Урсгал засвар 90 хувьтай явагдаж байна. Гэхдээ зарим шинээр баригдаж байгаа сургууль он дамжихаар болоод байна. Энэ жил нэгдүгээр ангид 4400 хүүхэд элсэн гэсэн урьдчилсан судалгаа гараад байна. Өнгөрсөн хавар 3000 орчим хүүхэд бүртгүүлсэн байсан.

-Танай дүүргийн 59 дүгээр цэцэрлэгийн барилгыг нураах шийдвэр гарсан. Гэтэл төсөв нь ирэх онд тусгагдсан учир энэ жил үйл ажиллагаа явуулахаар болж байгаа. Гэтэл урсгал засвар хийх мөнгө нь өнөөдрийг хүртэл хийгдээгүй байна гэсэн?

-Энэ бол яам болон Нийслэлийн Боловсролын газрын шийдэх ёстой асуудал. Хэдийгээр энэ асуудал эрт яригдаж, шийдэгдсэн ч өнөөдөр л төсөв нь орж ирээд байна. Урсгал засвар маргаашнаас эхэлнэ.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ