“Монголын эзэнт гүрний түүх” таван боть номын төслийг хэрэгжүүлнэ

МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн болон Түүхийн тэнхим “Степпе паблишинг” хэвлэлийн газартай хамтран “Монголын эзэнт гүрний түүх” таван боть номын төслийг хэрэгжүүлэх санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Уг төсөлд Монгол Улс дахь түүхийн сургалт, судалгааны голлох байгууллуудын Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн судлаачид оролцож байгаа ажээ.
Өнөөгийн бидэнд улс үндэстнийхээ түүхийг орчин үеийн түүхийн судалгааны онол арга зүйн үүднээс сурвалж бичиг, судалгаа шинжилгээний баялаг хэрэглэгдэхүүнд тулгуурлаж, гажуудал хэтийдэлгүй туурвих бодит шаардлага тулгарч буй юм. Үүнийг сурвалж хийгээд судалгааны хэлтэй, онол арга зүй, судалгааны мэдлэг туршлагатай тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн түүхчид бичих ёстой юм.
Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн перс, араб, хятад, армян, латин зэрэг сурвалжийн хэлтэй түүхч судлаачид энэ төслийн гүйцэтгэх багт ажиллаж байгаа нь Их Монгол Улс, Юань гүрэн, Ил хаант улс, Цагадайн улс, Алтан ордны улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын түүх, тэдгээрийн дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нэгтгэн дүгнэсэн цогц бүтээл туурвих боломжийг бүрдүүлж байгаа ажээ.
Энэхүү төслийн үр дүнд тэргүүн боть: Их Монгол Улс, дэд боть: Юань гүрэн, гутгаар боть: Алтан ордны улс, дөтгөөр боть: Цагадайн улс, тавдугаар боть: Ил хаант улс гэсэн Монголын эзэнт гүрний түүхийн монгол төвт түүх бичлэгийн үүднээс нэгтгэн дүгнэсэн суурь судалгааны таван боть цогц бүтээл уншигчдын гарт очих юм байна. Цуврал ботиудыг “Степпе паблишинг” хэвлэлийн газар санхүүжүүлэх бөгөөд судалгаатай холбоотой зардлыг МУИС-аас гаргах аж.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлэхдээ “МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим хамтран 2016 онд “Монголын эртний түүх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн оны хоёрдугаар сард таван боть хэвлэгдэж, БСШУСЯ-ны Шинжлэх ухааны шилдэг бүтээлээр шалгарч байв. Санамж бичгийг үзэглэснээр уг номын үргэлжлэл болох дунд үеийн түүхийн таван боть хэвлэгдэх бололцоо бүрдэж байна" гэв.
МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргал "Өнөөгийн бидэнд улс үндэстнийхээ түүхийг орчин үеийн онол аргазүйн үүднээс сурвалж бичиг, судалгаа шинжилгээний баялаг хэрэглэгдэхүүнд тулгуурлаж, үнэн бодитойгоор туурвиж бичих шаардлага тулгарч байна. Төслийн гүйцэтгэх багт Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн перс, араб, хятад, армян, латин хэлтэй түүхч судлаачид ажиллахаар болсон нь суурь судалгааны цогц бүтээл туурвих боломжийг бүрдүүлсэн" хэмээн ярилаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ