Н.Энхбаяр: Н.Удвал сайд аа, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээрэй

Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ өнөөдөр гардан авлаа. Тэрээр нэр дэвшигчийнхээ үнэмлэх авсны дараа намын дарга Н.Энхбаяртай уулзав. Уулзалтын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "Өнөөдөр монгол айл бүрт эмэгтэй хүн бий. Монгол Улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн, эмч хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нь түүхэн үйл явдал. Тиймээс ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгээрэй. Хэдийгээр би эрх чөлөөгөө хасуулаад явж байгаа ч сэтгэлээрээ, бүх оюун ухаанаараа та бүхэнтэйгээ, Монголын ард түмэнтэйгээ хамт байна. Одоо үг хэлж, бичиж чадахгүй ч миний сэтгэл санаа бүх зүйл монгол түмнийхээ талд шүү. Үүний төлөө би тэмцсэн. Одоо надад хүлээлгэж байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хэлмэгдүүлэлт учраас шударга ёсны төлөө өөрийнхөө эрүүл мэнд, амь насаараа дэнчин явсаар өдий хүрсэн. Түүнээс гадна монголчууд бид эв нэгдэлтэй байх ёстой, зөвхөн нам дотроо эв нэгдэлтэй байгаад зогсохгүй бүх олон түмэн маань хүртэл эв нэгдэлтэй байх ёстой. Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж байгаа энэ гурван өрсөлдөгчид бүгд Монгол Улсын иргэд юм. Тиймээс монголчуудынхаа төлөө сайн сайхныг хийнэ гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь аль аль нь шударга эрх тэгш, оюун ухаанаараа өрсөлдөх хэрэгтэй. Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар өөрсдийнхөө хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө шударга байгаарай. Манай нам бусдыг муулахгүй, бусдын оюун ухаан хийх гэж байгаа сайхан зүйлсийг өөрсдийн оюун ухаанаар уралдаж түүнээс илүү хийхийг зорьж тэмцэнэ шүү” гэжээ.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ