Хоёр нүүртэнд хаалттай сонгууль
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас их мөнгөний үнэр гарахгүй байна. Сонгуулийг өмнөх шигээ өнгө мөнгөөр бярдаж, албан тушаалаар далайлгахгүйгээр маргаангүй зохион байгуулахын тулд хуульд олон нэмэлт заалт оруулсан.
Тухайлбал, дотоодын болон хөндлөнгийн хяналт тавих боломжийг бүрдүүлсэн юм. Өмнө нь сонгуульд нэр дэвшигч, нам эвслийнхний нэрийн өмнөөс ажиглалт хийх нэрээр гурилддаг байлаа.
2005, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН,МАН-аас нэр дэвшигчдийн алинд нь ч тал алдахгүйн тулд адилхан мөнгө өгч байсан томоохон компани, улстөрч цөөнгүй бий. Тэд янз бүрийн хэлбэрээр тусламж үзүүлж, мөнгө өгөөгүй гэж мэлзэж болох авч энэ хорвоод мөнгөөр хэмжигдэхгүй хандив гэж байдаггүй юм. Ялангуяа улс төрийн сонгуульд. Наад захын жишээ дурдахад, “Таван Богд”-ын босс Ц.Баатарсайхан, “Эм-Си-Эс” групп, “Буян”-гийн Жагаа нарыг нэрлэж болно. Цүнхтэй мөнгийг нь үүрээд авч явсан тухай яриа ч байдаг.
Энэ жилийн сонгуульд төрийн бус байгууллагууд хяналт тавьж, мониторинг хийх боломжтой болов. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэг онцлог нь иргэд, сонгогчидтойгоо хамтран сонгуулиа шударга явуулъя гэдэгт оршиж байгаа юм.
Хэрэв сонгуулийн үеэр нэр дэвшигч эд бараа, мөнгө тараасан бол иргэд сонгогчид цагдаагийн байгууллагад шууд хандах эрхтэй. Тэр нь нотлогдвол мөнөөх сонгогч илчилсэн мөнгөө 20 дахин нэмэгдүүлж урамшуулал авна.
Дараа нь СЕХ буруутай этгээдээс уг мөнгийг гаргуулж авна. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Увсын тойрогт мөнгө тараасныг гэрчилсэн сонгогчид 100 мянган төгрөгөө арав дахин үржүүлээд сая төгрөг авсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд түрийвчээ түнтийлгэх энэ боломж бүр ч нээлттэй байгаа.
Юу байна, түүгээрээ дайлна гэдэг шиг радио, телевизийн сурталчилгааны цагаар найр тавьдаг явдал ч байлаа. Одоо Олон нийтийн радио, телевиз СЕХ-ноос тогтоож өгсөн хуваарийн дагуу зөвхөн төлбөргүй нэвтрүүлнэ. Бусад радио, телевиз гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөртэй сурталчилгаа нэвтрүүлж болно.
Гэхдээ төлбөр нь тухайн телевизийн оргил цагийн нэвтрүүлгийн тарифаас хэтрэхгүй үнэтэй байна. Өөрөөр хэлбэл, нэг хүний сурталчилгааг хямд үнээр явуулж, нөгөөхөд нь өндөр үнэ хэлж болохгүй гэсэн үг. Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизийн сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийг хоногт нэг цагаас илүү явуулж болохгүй. Хоёр гурван сувагтай телевизүүд зөвхөн үндсэн сувгаараа сурталчилгааны нэвтрүүлэг явуулах эрхтэй.
Олон нийтийн радио, телевиз болон бусад телевиз, радиогоор цацах төлбөртэй, төлбөргүй сурталчилгааны нэвтрүүлгийн цагийн хуваарийг СЕХ гаргана гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг гардан боловсруулсан эрхэм гишүүн Р.Бурмаа ярьж байна. Намууд зөвхөн радио, телевизтэй сурталчилгааны гэрээ байгуулж болно. Харин сонин хэвлэлийнхэн сонгуулийн талаар өөрсдийн анализ дүгнэлтийг хийж болно. Сонгуулийн зардлыг багасгах үүднээс ингэж шийджээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал хураах байранд очиж саналаа өгөхөөс бэрхшээдэг тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл хараагүй иргэд хэн нэгний тусламжгүйгээр барелл үсэгтэй саналын хуудас ашиглаж, бичиг үсэг тайлагдаагүй зарим нь нэр дэвшигчдийн зургийг хараад сонголтоо хийхэд төвөггүй болов.
Мөн иргэд интернэтээр регистрийн дугаарынхаа дагуу өөрийнхөө хаяг дээр хэдэн сонгогч бүртгүүлсэн болохыг шалгахаас гадна гэр бүлийн гишүүдийнхээ өмнөөс гомдол гаргах эрхтэй болсон юм.
Ухуулагч, шадар туслахууд заавал тухайн дүүрэг, сумынхаа сонгуулийн хороонд эхэлж бүртгүүлээд ухуулагч, шадар туслахын үнэмлэх авч зүүнэ. Ухуулга, сурталчилгаанд ашиглаж байгаа машинууддаа ч аль штабынх гэдгээ мэдэгдэх таних тэмдэг наах учраас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зүсээ хувиргасан хоёр нүүртнүүдэд шингэх газар алга.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ