Мафийнхан хар тамхи зөөвөрлөгч монгол залууг хөнөөжээ

Монгол Улсын иргэн 47 настай П ОХУ-д буудуулж амиа алдсан хэрэг гарлаа. Түүний цогцсыг өнөөдөр эх оронд нь авчирлаа. Тодруулбал, Налайх дүүрэгт оршин суугч П нь олон жилийн өмнөөс хар тамхи зөөвөрлөгч, тээвэрлэгч, хил дамнуулан наймаалдаг байжээ. Талийгаач сүүлийн арваад жил ОХУ, Макаод зорчиж, ганзагын наймаа хийж байсан аж.

Хэрэг ОХУ-д болсон бөгөөд П бараагаа Макаогоос зөөвөрлөж ирээд нийлүүлэгчдээ өгсөн цагаас эхэлжээ. Тэр ээлжит ажлаа гүйцэтгээд Эрхүүгийн наад талд Селезны тосгоны орчимд явж байхад нь жийптэй хүмүүс гүйцэж ирээд автоматаар шүршиж, амийг нь хөнөөсөн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэвлий, цээжиндээ шарх авсан П газар дээрээ нас баржээ. Ингээд ОХУ-ын Буриадын Эрхүү хотын эмнэлэгт шүүх шинжилгээнд оруулаад өнөөдөр онгоцоор шарилыг нь нутагт нь авчрав.

Эрхүүд дээд сургууль дүүргэсэн тэрээр оюутан байхаасаа ганзагын наймаагаар гаршсан нэгэн байжээ. Анх эхнэрийн хамт ногоон цай, кофены наймаа эрхэлж хөл дээрээ нэлээд тогтоод авсан ч мөнгөний шунал нь түүнийг хар тамхины наймаанд татан оролцуулсан байна. Найз нөхдүүд нь тэр байдлыг нь таслан зогсоож болиулах гэсэн ч чадаагүй гэнэ.Талийгаач дотны нэг найздаа “Эрхүүгийн хар тамхины бүлэгт нэг удаа зөөвөрлөгчөөр ажиллаж чамгүй хөлс авсан тухайгаа хэлж, одоо нэг Макао яваад ирчихвэл энэ зүйлийг нэг мөр цэглэнэ” хэмээсэн гэдэг.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ