Гуантанамогийн шоронг хаахад 450 сая ам.доллар шаардлагатай
Пентагон буюу АНУ-ын Батлан хамгаалах яам конгрессоос Гуантанамо дахь шоронг хаахад 450 сая ам.доллар шаардлагатайг уламжиллаа. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Барак Обама Кубын Гуантанамо дахь шоронг хаах асуудлыг дахин сөхөж тэгэх нь зүйтэй хэмээн үзэж буй. Энэ нь шоронгийн хоригдлууд өлсгөлөнд нэрвэгдэж, хүний эрх зөрчигдөх болсонтой холбоотой юм.
Шоронг хаахын тулд ихээхэн хэмжээний төсөв хэрэглэх болно гэдэгийг онцолж, улсаас багагүй хөрөнгө зарцуулах болсныг хэлж байна. Энэ шоронд хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн хоригдлууд байдаг учир хаах үеэр элдэв үймээн самуун гарахаас сэргийлэхийн тулд өндөржүүлсэн чанд хамгаалалт шаардагдах нь гарцаагүй. Шоронг хаах тухайд олон талын сонирхол явагдаж байгаа. Тэдгээрээс дурдвал, АНУ-д үзүүлэх террорист заналхийлэл харьцангуй бага ч бий. Мөн төсөв мөнгөний зарцуулалт хамгийн их шаарддаг. Энэ шоронд нийт 166 хоригдол байгаа бөгөөд шоронд жилд 150 сая ам.долларын зардал гардаж ажээ.
Гуантанамогийн шоронг хаах тухайд Барак Обама “Гуантанамог байлгах зайлшгүй шаардлага байхгүй. АНУ аюулгүй байхын тулд хэт даврагчидтай өөр аргаар тэмцэх болно. Гуантанамог бид өөрсөддөө ашигтай байхаар тооцоолсон. Гэтэл одоо эсрэгээрээ, сөрөг сурталчилгаа болж, нэгдсэн улсын ашиг сонирхолд муугаар нөлөөлөх болов. Олон улсын хамтрагчдын маань итгэлийг мохоох, алан хядагчдын цөсийг хөөргөж, өс авах хүслийг нь өдөөж байна. Гуантанамог байлгаснаар АНУ-ын аюулгүй байдал хангагдахгүй гэдгийг ойлгох нь маш чухал” гэж өнгөрсөн сард Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлаар мэдэгдэж байсан юм. 2009 онд Барак Обама Ерөнхийлөгчийн албаа хүлээж авсныхаа дараанаас л энэ асуудлыг хөндсөөр ирсэн. Конгресст ч энэ хүсэлтээ танилцуулж байсан боловч дэмжлэг аваагүй билээ. Харин энэ удаад санал дэмжигдэх өндөр найдлагатай байгаа ч шоронг хаахтай холбоотой хэд хэдэн сөрөг зүйлс тулгарна хэмээн зарим сенатч үзэж байна.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ