Нэг хүнд 15 мянган мал ногддог ч, нэг кг мах 15 мянган төгрөг
Монголын малыг бүх иргэнд хуваавал нэг хүнд 15 мянган толгой ногддог тухай ститистик тоо байна. Төл байжилтын өнөөгийн явцыг ажвал арав гаруй мянгаар нэмэгдэх төлөвтэй. Бод мал дөнгөж төллөж эхэлж байгаа ч гэх шиг. Энэ бол хангалттай баримт юм.
Өөрөөр хэлбэл, бид өлсөх учиргүй санагдана. Гэвч бид өлссөөр. Унхиагүйдээ биш л дээ. Махны үнэ наранд тулснаас тэр. Үнийн хөөрөгдлийг барихаар нөөцийн мах гаргаад ч нэмэр алга. Энэ бүхнийг ажиглахаар өчигдөр өглөө “Хүчит Шонхор”-ыг зорив.
Өглөөний 09.00 цагт нөөцийн мах ирдэг юм байна. Хүмүүс ч бүчээд авлаа. Хямдхан мах авах гэсэн хөгшид бараг харагдсангүй. Залуус л уухайлан байв. Хоёр эмэгтэй тэднийг сүрхий ажиж харагдана. Өөрсдийгөө тэндхийн ажилчид гэв. Тэд ийн ярилаа. “Манай Хүчит Шонхорын махны ченжүүд л байна ш дээ. “Жаст агро”-гийнхан хянадаг гэх ч ирэхээсээ ирэхгүй нь их дээ.
Зарим нь ч тэдэнтэй хүзүү, сээрээрээ холбогдоод авсан юм биш үү. Манай эндхийн махны худалдагчид, хяналтын байцаагчид нөөцийн мах гарсан үеэс л ченжүүдтэй данс нэгтэй болсон гэдэг юм. Тэд тосож аваад жижиглэн савлаад хавийн супермаркетуудаар тараачихдаг гэнэ лээ.
Тэгээд ууж идэж, мөрийтэй тоглож, хүүхэндэхээр энэ орчмын дэн буудлуудад шургачихдаг гэсэн. Зарим нь бүр хонож тоглоод улаан нүдэлсэн юмнууд ирнэ гээч...” гэж ирээд л сонирхуулав. Нөөцийн мах ченжүүдийн гарт ийнхүү оржээ. Энэ махыг тэдний гараас салгах нь эрлэгийн элчийн савраас хүн сугалахаас ч хэцүү бололтой. Соц үед манай малыг 200 саяд хүргэхийг “сахалт багш” В.И.Сталин тушааж байсан удаатай.
Биелээгүй нь мэдээж. Биелүүлэх гэж зүтгэсэн гэдэг шүү. Хорин хоёр саяас хэтэрч өгөөгүйг хөгшчүүд хуучилдаг л юм. Гэхдээ монголчууд хямд, төсөр мах иддэг байсан юм шүү. Миний үеийнхэн андахгүй. Бүр илүүчлээд экспортолдогсон.
Хөлөөр нь ч гаргадаг байлаа. Гэтэл өнөөдөр нэг иргэнд 15000 мал ногдохдоо хүрээд байхад, кило мах 15 мянган төгрөг шүргээд байгааг юу гэхэв. “Мал мянга хүрэхээр идэх ирэг олддоггүй” гэсэн үг бий. Төрийн бодлого дампуурсны шинж биз.
Зөвхөн ченж гэлтгүй завхруулагч малчид ч байна. Нөөцийн мах бэлдүүлэхээр очиход “Хүчит Шонхор”-т махны ханш төд байна лээ. Яахав, тэдээр авбал ав” гэж солиордог гэсэн. Ганц мах ч биш, цагаан идээ ч адил. Түүнээс биш кило нь арван мянган төгрөгийн ааруул гэж хаана байх билээ.
Ноолуураа ч хятадуудад өгчихийг нь яана. “Мянгат малчин” болоод ч ханадаггүй малчид гэх шуналын улаан тулмуудыг яах вэ. Эднийг зохицуулж чадахгүй бол ҮХААЯ-аар ч яах билээ. Түүнийгээ хөдөлгөж чаддаггүй Засгийн газрын ч хэрэг алга даа. Замарсан засагт найдснаас “зантгар”-аа ажиллуулаад явбал залгиурынхаа голоор шидэх “улаа” олдох л байлгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ