Ч.Сайханбилэг Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцлоо

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар мэдээлэл сонсохоор Монгол дахь Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан уулзалтад гадаад, дотоодын 100 гаруй компанийн төлөөлөгчид оролцлоо. Тус худалдааны танхим нь Америк Монголын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага бөгөөд Америкийн худалдааны танхимын албан ёсны гишүүн салбар юм байна. Тус танхим нь гурван сая гаруй гишүүнтэй бөгөөд дэлхийн 100 гаруй оронд салбартай ажээ. Монгол Улсын Засгийн газар улс төр болон бизнесийн тогтвортой байдлыг хангахын, бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг сайжруулахын төлөө ажиллаж байна гэж уулзалтад оролцох үеэрээ Ерөнхий сайд хэллээ. Тэрээр Монгол Улсын Засгийн газар бизнест нээлттэй байх зарчим баримталж, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлээд төлөөлөгчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ