Оюутны тэтгэлгийг оноос өмнө өгнө

Өглөө автобусанд суугаад ажилдаа ирж явтал зэргэлдээх сандалд сууж явсан хоёр охины яриа анхаарал татав. Тэд “70 мянган төгрөг дансанд хурдан ороосой. Уг нь өнгөрсөн сарын 25-нд орно гээд байсан. Яасан юм бол. Арай сургууль дансандаа байршуулчихаад хүүг нь аваад байгаа юм биш биз. Зарим сургууль Сургалтын төрийн санд оюутнуудынхаа дүнгийн голч оноог худал мэдүүлдэг гэх юм. Дүнгийн голчийг харгалзахгүйгээр өгвөл таарна. Ядуу оюутнуудыг заавал ялгаварлах шаардлага байхгүй шүү дээ.

Дансанд мөнгө орчихвол шинэ жилийнхээ тасалбарын мөнгийг өгмөөр байна. Багш төгсөх ангийн оюутнууд заавал үдэшлэгт орох ёстой гэсэн” гэж ярилцаж байв. Энэ хичээлийн жилд оюутны үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг дүнгийн голч оноог харгалзан олгохоор болсон. Ингэхдээ тухайн оюутан 2.0-оос дээш дүнгийн голчтой байвал тэтгэлэг авах боломжтой.

Харин голч нь хүрэлцэхгүй бол тэтгэлэг авах боломжгүй гэсэн үг. Энэ нь оюутнуудын дунд нэлээд бухимдал үүсгээд байгаа аж. Үүгээр ч зогсохгүй фэйсбүүк хуудаст оюутнууд“Оюутны далан мянга” гэх хуудастай. Уг группт оюутнууд тэтгэлгийн70 мянган төгрөгийн талаарх санал бодлоо бичдэг. “70 мянган төгрөг дансанд хурдан ороосой. Дөрвөн сарын мөнгө орно гэж бодохоор догдлоод байх юм. Шинэ жил ч хаяанд ирлээ. 70 мянгаас их зүйл шалтгаалах юм даа. Оноос өмнө өгчихөөсэй” гэсэн постуудыг бичсэн байна.

Үүнээс оюутнууд шинэ жилээ сайхан тэмдэглэх гэж тэтгэлгийн мөнгөө тэсэн ядан хүлээж байгаа нь илт харагдсан юм. Уг нь“Оюутны үндэсний тэтгэлгийг өнгөрсөн сарын 25-нд дөрвөн сараар нь олгож эхэлнэ” гэж БШУЯ-ны Сургалтын төрийн сангийн мэргэжилтэн Ч.Дэчээ хэлж байсан. Гэтэл дансанд нь тэтгэлгийн мөнгө орж ирээгүй байгааг уулзсан оюутан бүр хэлж байлаа. Мөн“Оюутны тэтгэлэг96200 болно” гэх мэдээлэл цахим сайтуудаар гарч байсан. Энэ талаар болон оюутны тэтгэлгийг яагаад заасан хугацаандаа өгөхгүй байгааг БШУЯ-ны Сургалтын төрийн сангийн ахлах мэргэжилтэн С.Дэлгэрмаагаас тодрууллаа.

-Энэ хичээлийн жилд хэчнээн оюутан үндэсний тэтгэлэг авах болзол хангасан бэ?

-Улсын хэмжээнд 160 гаруй төрийн болон төрийн бус их, дээд сургууль бий. Энэ хичээлийн жилд тэтгэлэг авах оюутны тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад багассан. Учир нь голч оноондоо хүрээгүй оюутнууд нэлээд байна. ШУТИС-ийн нэг салбар сургууль 2000 оюутантай. Гэтэл 1100 оюутан тэтгэлэг авах болзол хангасан. Бид бүх мэдээллийг Сангийн яам руу явуулаад12 сар гэхэд хэчнээн оюутан тэтгэлэг авсан талаарх дүн мэдээлэл тодорхой болно.

-Өнгөрсөн сарын сүүлчээр оюутны тэтгэлгийг дансанд нь байршуулна гэж байсан. Яагаад өнөөдрийг хүртэл байршуулахгүй байна вэ?

-Сургалтын төрийн сангаас тооцоо хийж дууссан. Сангийн яамны эрх нээхийг хүлээж байна. Одоогоор оюутны тэтгэлгийг өгч эхлээгүй. Энэ сарын 10-аас өмнө өгөх байх. Гэхдээ улсын санхүү хүндрэлтэй байна. Ямар ч байсан оноос өмнө оруулна.

-Дүнгийн голч оноо хоёроос дээш байвал тэтгэлэг олгоно. Мөн голч нь 3.4 болон 3.8-аас дээш байвал урамшуулал олгож байсан. Энэ хичээлийн жилд урамшуулал олгох уу. “Голч оноог харгалзан оюутнуудыг ялгаварлан тэтгэлэг олгож байна” гэж шүүмжлэх иргэд олон байна?

-Голч дүн нь хүрч байвал 70200 төгрөгийн тэтгэлэг авах боломжтой. Харин голч оноо нь 3.4-өөс дээш байвал урамшууллын тэтгэлэг авах боломжтой. 50 хувиар урамшууллын тэтгэлэг авч байгаа оюутнуудын дансанд 105, харин 75 хувиар авбал 135 мянган төгрөг орно. Голч оноог харгалзан тэтгэлэг өгч байгаа нь зөв. Хичээлдээ суухгүй, муу сурдаг оюутнуудад өгөх ямар ч шаардлага байхгүй. Яагаад гэвэл, ард түмний татварын мөнгийг өгч байгаа.

-“Сургуулиуд оюутнуудынхаа голч оноог нэмж бичиж, илүү мөнгийг нь өөрсдөө авах боломж бүрдлээ” гэж цахим сайтад мэдээлэл гарсан байна лээ. Тэгэхээр Сургалтын төрийн сангаас оюутнуудын голч оноог нэг бүрчлэн шалгаж үзэн, дансанд мөнгийг нь байршуулдаг уу?

-Улсын сургуулиуд өөрсдийн гэсэн программтай байдаг. Голч оноог нь нэмж, хассан ямар нэгэн үйлдэл гараагүй. Бид ч давхар шалгах программтай.

-Оюутнуудтай уулзахад дийлэнх нь “Тэтгэлгийнхээ мөнгөөр шинэ жилийн баяраа тэмдэглэнэ” гэх юм. Заавал арванхоёрдугаар сард өгөх шаардлага байсан юм уу?

-Тэтгэлгийнхээ мөнгийг юунд зарцуулах нь тухайн оюутны ухамсрын асуудал. Дөрвөн сарын тэтгэлэг буюу 280800 төгрөг дансанд нь орно. Зарим оюутан сургалтын төлбөр болон бусад зүйлд хэрэглэдэг. Гэхдээ 70 мянга буухаар оюутнууд шоуддаг гэх яриа байдаг. Засгийн газрын тогтоолын дагуу арванхоёрдугаар сард оюутны тэтгэлгийн мөнгийг өгч байгаа. Улирлаар олгодог болохоор оноос өмнө зайлшгүй өгөх шаардлагатай. Тиймээс оюутнууд тэтгэлгийнхээ мөнгийг зөв зарцуулах хэрэгтэй.

-”96200 төгрөг болгож өгнө” гэсэн яриа гарсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Сургалтын төрийн санд энэ талаар ямар ч мэдээлэл ирээгүй байхад “96200 төгрөгийг оюутнуудын дансанд оруулна” гэх мэдээлэл зарим цахим сайтад гарсан байна лээ. “96200 төгрөг болсон” гэдэг нь ташаа мэдээлэл. Улсын төсөв хүнд байгаа. 2014-2015 оны хичээлийн жилд 70200 мянган төгрөгөөр төсөвлөсөн. Шинэ жилийн баяр дөхөж байгаа үед оюутны тэтгэлгийг өгч байгаа нь буруу гэж шүүмжлэх иргэд олон таарсан юм. Учир нь их, дээд сургуулиуд“Шинэ жилийн үдэшлэгтээ заавал орох ёстой” гэж оюутнуудад тасалбар шахах асуудал үүсдэг. Мөн хувийн зарим сургуулийн багш нар тэтгэлгийн мөнгө дансанд орохоор шинэ жилийнхээ тасалбарыг заавал авна шүү” гэж шаардсан гэдгийг оюутнууд хэлж байв. Ингээд тэтгэлгийг юунд зарцуулдаг эсэхийг оюутнуудаас сонирхсон юм.

ИЗИС-ийн оюутан Г.Мягмаржаргал: Тэтгэлэг дансанд орохоор сургалтын төлбөрөө өгнө

-Оюутны тэтгэлгийн мөнгийг голч дүнг харгалзаж үзээд өгч байгаа нь зөв. Учир нь өнгөрсөн жилүүдэд хичээлд суудаггүй, голч оноо нь 2.0-т хүрдэггүй олон оюутан тэтгэлэг авч байсан. Иргэдийн амьдрал доройтож, эдийн засаг хямарчихсан энэ үед ард иргэдээс авсан татварын мөнгийг муу сурдаг оюутанд өгөх нь ёс зүйгүй асуудал. Миний хувьд, тэтгэлэг дансанд орохоор сургалтын төлбөрөө шууд өгнө. Орон нутгийн оюутнуудад хэцүү зүйл олон тулгардаг. Амьдрах байр, идэх хоолноос эхлээд. Малчид байнгын орлогогүй. Сар бүр мөнгө өгөхгүй шүү дээ. Харин шинэ жилийн баяр болох үеэр өгч байгаа нь нүдээ олоогүй юм шиг санагдлаа. Оюутнуудын ихэнх нь шинэ жил тэмдэглээд л мөнгөө үрчихнэ. Үүнд БШУЯ анхаарал хандуулах ёстой байх

МУИС-ийн оюутан М.Аминаа: Зарим оюутан тэтгэлгийнхээ мөнгөөр өрөө төлдөг

-Ихэнх оюутнууд тэтгэлгийнхээ мөнгөөр сургалтын төлбөрөө өгдөг. Мөн хичээлд хэрэглэх ном, урсгал зардалдаа зарцуулдаг. Дөрвөн сар болоод нэг өгдөг учраас энэ сард өгч байгаа байх. Гэхдээ зарим оюутан 70 мянган төгрөг өгөх сургаар хүнээс мөнгө зээлээд өр тавьчихдаг. Тэгээд“Өрөө дараад, шинэ жилээ тэмдэглэнэ” гэж ярьж байна лээ. Би төлбөрөө өгнө.

С.Ичинхорлоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин