Траншейнд унаж амиа алдсан сэтгүүлчийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
2011 оны долдугаар сарын эхээр УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн ажлын албаны ажилтан, ахмад сэтгүүлч С.Мөнхцэрэн Чингэлтэй дүүргийн нутаг “Зоос” гоёлын ойролцоох траншейны нүхэнд унаж амиа алдсан хэрэг гарч байсан.
Тодруулбал, тэрээр оройн 19.00 цагийн орчимд ажлаасаа гарч бороонд алхаж яваад траншейны нүхэнд унаж осолдсон юм. Хэрэгт хариуцагчаар уг замыг хариуцаж байсан “Өгөөмөр зам” компанийг шүүгдэгчээр татсан.
Улмаар компанийн гүйцэтгэх захирал асан Ирмект 2.6 жилийн хорих ялыг хоёр шатны шүүхээс оноогоод байсан юм. Тэгвэл уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаан Улсын дээд шүүхэд болж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.
Учир нь ял сонсоод буй гүйцэтгэх захирал Ирмек нь осол болохоос өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байжээ. Харин ахмад сэтгүүлчийг амиа алдахад замын хариуцагчаар гүйцэтгэх захирал Н.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан юм байна.
Тиймээс Ирмекийн өмгөөлөгч Г.Батбаяр хэрэгт тухайн үед ажиллаж байсан Н.Оюун-Эрдэнийг шалгах өгөхийг хүссэнээр хэргийг дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байгаа юм байна. Талийгаач С.Мөнхцэрэн нь МҮОНРТ-ийн "ММ" агентлагийн захирал, "Ийгл" телевизийн мэдээллийн албаны дарга гэх мэт албан тушаалд ажиллаж байсан туршлагатай, ахмад сэтгүүлч байсан юм.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ