2014 оны хамгийн өндөр ашиг орлоготой 10 жүжигчинг Форбес нэрлэлээ

{!!!right!!!}Форбес сэтгүүл 2014 онд хамгийн өндөр ашиг орлоготой ажилласан Холливудын топ жүжигчдийг нэрлэжээ.

Мэдээж хэрэг бусдаасаа илүү өндөр орлоготой байна гэдэг тэдний хувьд алдар хүндийн хамгийн том шалгуур байдаг бөгөөд илүүтэй хөдөлмөрлөж авьяас чадвараа шавхсаны эцэст энэ оргилд хүрдэг нь тодорхой билээ.

Хорвоо ертөнцийн сонин хачин зүйлс, алдартнуудын цадиг, түүхийн элдэв үйл явдлуудыг товчоолон хүргэдэг “ТОП 10” булангийнхаа энэ удаагийн дугаарт 2014 оны хамгийн өндөр ашиг орлогтой топ 10 жүжигчдийг Форбес сэтгүүлийн нэрлэснээр дурдаж байна.

10. Марк Уолберг - 32 сая доллар

Холливудын супер оддын нэг дуучин, загвар өмсөгч байсан одоо жүжигчнийхээ карьерын хажуугаар продюссер, найруулагчийн ажлыг амжилттай хийж яваа Марк Уолберг Форбес сэтгүүлийн жагсаалтын аравдугаарт бичигджээ. Тэрээр 2014 онд нийт 32 сая ам.долларын орлого олжээ. Афганистаны дайны сэдэвт болсон үйл явдлаас иш татан бүтээгдсэн "Lone Survivor" киног продюссерлэж, өөрөө гол дүрд нь тоглосон нь түүний энэ оны гол уран бүтээл. Мөн үүний зэрэгцээ гурвын ч зэрэг киноны гол дүрд тоглон дэлгэцнээ гараад байгаа нь түүнийг энэхүү амжилтад хүргээд байна.

9. Уилл Смит - 32 сая доллар

Алдарт жүжигчний хувьд олон жилийн туршид өнөөг хүртэл моодноос гардаггүй цөөхөн хар арьст жүжигчдийн нэг байсаар ирсэн. Энэ жил ч тэрээр Холливудын оддыг түүчээлэн топ 10-т бичигджээ. "After Earth" болон "Anchorman-2" киноны гол дүрүүдэд тоглосон ба хэдийгээр энэхүү бүтээлүүд нь тийм ч их дуулиан тарихуйц сайн кино болоогүй ч Уилл Смитийн хувьд зар сурталчилгаа зэрэг бусад салбарт ихээхэн орлого олжээ.

8. Кристиан Бэйл - 35 сая доллар

Сүүлийн жилүүдэд мандан бадарсан оддын нэг болох Кристиан Бэйл энэ жагсаалтад зүй ёсоор бичигдэх жүжигчин юм. 1987 оноос дэлгэцийн карьерээ эхэлсэн гэхэд өнөөдрийг хүртэл бүрэн хэмжээний 15 дэлгэцийн кинонд гол болон туслах дүр бүтээсэн гэхэд түүний дайны том жүжигчний хувьд багахан тоо. Гэсэн хэдий ч тооноос чанар давамгайлсан Кристиан Бэйл Оскарын шагналыг ч хэдийнэ хүртээд амжсан. Найруулагч Кристофер Нолан түүний амжилтын замыг нээсэн гэдэг. 2005 онд Бэтмений дүрийг авснаас хойш тэрээр толгой эргэм амжилтад хүрсээр буй. Тиймээс ч 2014 он түүний хөдөлмөр зүтгэлийн оргил жилүүдийн нэг болжээ.

7. Бен Афлек - 35 сая доллар

Холливудад 70-аад оныхны бүхэл бүтэн нэг үе өдгөө ид мандан бадарсаар байгаа. Орлондо Блүм, Марк Уолберг, Мэтт Дэмон, Жүд Лоу хэмээх тэдний дунд Бен Афлек гэх нэр томоохон байр суурь эзэлдэг. Сүүлийн жилүүдэд томоохон уран бүтээлд тоглохгүй байгаа хэдий ч шоу нэвтрүүлгийн хөтлөгч, зар сурталчилгаа, найруулагч, продюссерийн ажлаас ихээхэн орлого олсоор байгаа аж. Дашрамд дурдахад тэрээр 2016 онд дэлгэцнээ гарах Бэтмений ээлжит анги болох "Batman vs Supermen: Dawn of Justice" кинонд Брюс Уэйний дүрийг бүтээж хэдийнэ зураг авалтад ороод эхэлжээ.

6. Лиам Нисон - 36 сая доллар

Сүүлийн жилүүдэд түүний цаг үе эргэн ирсэн мэт мандан бадарч байгаа билээ. 2010 оноос хойш том жижиг 20 гаруй дэлгэцийн бүтээлд дүр бүтээсэн нь түүнийг сүүлийн жилүүдэд ямар их хөдөлмөрлөж, эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж буй хэрэг. 2014 онд л гэхэд түүний таван бүтээл дэлгэцнээ гарч дуусах ёстой. Мөн 2015 онд үзэгчдийн хүртээл болох "Taken 3" киноныхоо зураг авалтад ч хэдийнэ оржээ. Цагтаа Стивен Спилбергийн "Шиндлерийн бүртгэл"-ээр Оскар авч явсан жүжигчин энэ оны Форбес сэтгүүлийн жагсаалтад сүүлийн таван жил дараалан бичигдэж байна.

5. Крис Хемсворт - 37 сая доллар

Австралийн "Home and Away" цувралаас алдарт Марвел студийн ханхүү Торын дүрээр олны танил болж сүүлийн үеийн супер оддын нэгээр нэрлэгдэж байгаа Крис Хемсворт бол яах аргагүй шоу бизнест одтой яваа нэгэн. "Thor-1, 2" "Avengers", "Snow white and Huntsman" зэрэг кинонууд түүнд алдар нэрийг асар их орлоготой хамт авчирсан юм. Жүжигчнийхээ карьерын хувьд 2011 оноос эхлэн асар олон шагналуудын эзэн болсоор ирсэн Крис найруулагчдын саналд дарагдчихаад байгаа юм. Тиймээс түүний олсон орлого энэ жагсаалтад яах аргагүй бичигдсэн байна.

4. Леонардо ди Каприо - 39 сая доллар

1991 онд уран бүтээлчийн карьераа эхлүүлснээс хойш 1996 онд "Romeo and Juliet", 1997 онд "Titanic", 1998 онд "Man in the Iron mask" кинонуудаараа алдрын оргилд хүрч багийнхантайгаа хамтдаа нийт таван удаагийн Оскар хүртчихээд байгаа энэ эрхэм бол яах аргагүй сүүлийн 20-иод жилийн турш Холливудын нүүр царай, супер оддын үлгэр дууриал болсоор ирсэн. Тэрээр сүүлийн үед найруулагч, продюссерийн ажлыг ихэд сонирхож өөрөө гол дүрд нь тоглож зангарагтай уран бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгосоор байна.

3. Брэдли Купер - 46 сая доллар

Холливудын од Брэдли Купер сүүлийн жилүүдэд "Шарталт" киногоороо ихэд амжилтад хүрээд байгаа. Түүнээс гадна олон шоу нэвтрүүлгийн саналыг хүлээн авч эхнээс нь ажил хэрэг болгосоор байгаа ба зар сурталчилгаанаас олдог орлого нь "Шарталт"-ын санаанд оромгүй их орлоготой нийлээд түүнийг энэ жилийн топ 10-ын жагсаалтад олон супер оддын өмнүүр оруулсан юм.

2. Дуэйн Жонсон - 52 сая доллар

Америкийн шоу бизнесийн томоохон салбар болсон мэргэжлийн бөхийн супер одын замналаас өнөөгийн Холливудын оддын эгнээнд орсон Дуэйн Жонсоны уран бүтээлийн ургац арвин байгаа.

2000-оод оны эхэн үеэс "Мумми", "Хилэнцийн хаан" зэрэг киноноос амжилт олж улмаар өнөө цагийн найруулагчдын дунд ихээхэн эрэлт үүсгэдэг жүжигчин болоод буй тэрээр 2013 онд л гэхэд таван бүрэн хэмжээний кинонд тоглож тэр бүрийд бокс оффист дээгүүр явсаар ирсэн. Гуравхан хоногийн дараа "Hercules" кино нь нээлтээ хийх гэж байгаа гэх мэтчлэн түүний уран бүтээлийн богц дүүрэн бөгөөд ашиг орлого ч хангалттай олсоор байгааг Форбесийн энэ жагсаалт гэрчлэх юм.

1. Роберт Дауни - 75 сая доллар

Өнөө цагийн Холливудын оддын нүүр царай, үлгэр дууриал болоод буй жүжигчин бол яах аргагүй бага Роберт Дауни. Түүний толгой эргэм амжилтын түүх үргэлжилсээр л байна. 2013 онд энэ жагсаалтад нэгдүгээрт бичигдэж байсан тэрээр амжилтаа дахин давтаж 75 сая долларын орлоготойгоор оддыг тэргүүлжээ. Брэд Питт, Лео, Том Круз нарыг сургуулийн сурагчид байхад л дэлгэцийн карьерээ эхэлж байсан Дауни 2008 оныг хүртэл энгийн л нэг дундаж жүжигчдийн нэг байсан. Тэгвэл "Iron man" болж хувирснаас хойш хижээл насны жүжигчин эрийн сэргэн мандлын үе эхэлсэн гэхэд болно. Тэрбумтан, Тони Старкийн дүрийг тэрээр өнөөдрийг хүртэл зургаан жилийн дотор 5 суперхит кинонд бүтээчихээд байгаа ба 2015 онд дэлгэцнээ гарах "The Avengers: Age of Ultron" кинонд ч мөн л тэрхүү дүрээ бүтээж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ