Т.Мэндсайхан: 300 гаруй шүүгчтэй холбоотой гомдол шалгагдаж байна
Анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын шатны шүүхэд өөрчлөгдөх нь хэт их болоод байгаа юм байна. Энэ нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хөсөрдүүлж, ихээхэн шүүмжлэл дагуулдаг гэж Шүүхийн ерөнхий хороо үзэж байна. Өнгөрсөн онд л гэхэд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн 40 хувь нь л давж заалдах болон хяналтын шатны шүүхэд шийдвэр нь хэвээр үлдсэн бол шийдвэрийн 60 хувь нь дараагийн шүүхэд эрс өөрчлөгдөж байжээ. Ингээд энэ талаар ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа.
-Анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын шатны хуралдаанд өөрчлөгдөх нь их байна. Энэ талаар ямар тайлбар хэлэх вэ?
-Анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын шүүхэд өөрчлөгдөх нь шүүмжлэл дагуулдаг. Энэ нь тоо баримтаас мөн баталгаажиж байгаа юм. Анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэргийн 40 хувь нь хэвээр үлдсэн бол 60 хувь нь өөрчлөгдсөн. Эрүүгийн хэргийн 45 хувь нь хэвээр үлдсэн бол 55 хувь нь өөрчлөгдсөн. Захиргааны хэргийн 56 хувь нь хэвээр үлдсэн 44 хувь нь өөрчлөгдсөн байна. Энэ тоонд дүгнэлт хийхээр цаашид шат шатны хувьд хууль тогтоомжоо боловсронгуй болгохыг харуулж байна. Шат шатны шийдвэр анхнаасаа үнэн зөв гардаг. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд ч хэвээр үлдээх магадлалтай шийдвэр гардаг бол иргэдийн шүүхэд итгэх итгэл нэмэгдэхдавах болон хяналтын шатны шүүхэд хандах нь багасна гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр хийх ажил их байна.
-Улаанбаатар хотод нийт хэчнээн давж заалдах шатны шүүх байдаг бол?
-Улаанбаатар хотод эрүүгийн 10, иргэний 10, захиргааны нэг давж заалдах шатнышүүх байдаг. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүхийг дотор нь эрүү, иргэн, захиргаа гэж төрөлжүүлэх ёстой. Энэ нь шүүн таслах ажиллагаанд мэргэшиж хуулийг зөв хэрэглэх сайн үр нөлөөтэй.
-Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр бусад шатандаа ингэж өөрчлөгдөж байгаа нь шүүгчдийн ур чадвартай холбоотой юу?
-Ур чадвартай холбоотой. Үндсэн хуулиараа бүх иргэн давж заалдах шатны шүүхэд хандах эрх нь нээлттэй. Давж заалдах шатны шүүхэд өнөөдрийн хуулиар хэргийг бүхэлд нь хянадаг. Анхан шатны шүүхэд гарсан алдаа мадаг байвал үүнийг засах боломж байгааг иргэдэд олгож байна. Энэ бол иргэдийн эрх ашгийг хамгаалсан том арга хэмжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орох нь аль ч улс оронд байдаг. Гэхдээ өнөөдрийн манай түвшинд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орох нь өндөр байгаа нь сөрөг үзэгдэл дагуулж байна. Тиймээс үүнийг засахын тулд хууль тогтоомж болон ялангуяа шүүгчдийн сургалт, шинэ шүүгчийн томилгоонд онцгой анхаарч байна.
-Шүүгч ёс зүйгүй байдал гаргаж, буруу шийдвэр гаргах нь хэр байдаг бол?
-Шүүгчийн ёс зүйн асуудалд онцгой анхаарч байна. Шүүхийн шинэтгэлийн гол үр дүн одоо эхэлж байна. Шүүгчийн ёс зүйн хороо ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 300 гаруй шүүгчтэй холбоотой гомдол байна. Мөн хуулийг нэг мөр хэрэглэх талаар шүүхийн байгууллага шүүгчдийн талаар онцгой анхаарч ажиллаж байна. Шүүхийн судалгааны хүрээлэн гарч ирж, шүүгчийн алдаа оноонд үнэлэлт дүгнэлт хийж зөвлөмж өгдөг. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох ялангуяа давах болон хяналтын шатанд ямар асуудлыг хянах ёстой вэ гэдэгт зааг ялгааг нь гаргах асуудал гарцаа байхгүй яригдана. Тиймээс энэ арга хэмжээний хүрээнд олон улсын хэмжээнд хүрэх болов уу гэж харж байна.
-Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бусад шүүх өөрчилвөл анхан шатны шүүгчид хариуцлага тооцох уу?
-Хуулиараа шүүгч өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрт хариуцлага хүлээлгэх ёсгүй. Энэ нь шүүгчийн биеэ даасан хараат бус байдалд нөлөөлөх учир олон улсын хэмжээнд дээд шүүхийн шатанд шийдвэр нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн шүүгчид хариуцлага тооцдог тухай ойлголт байхгүй. Манай улсад үйлчилж байгаа хуулиар ч гэсэн тооцох үндэслэл байхгүй. Энэ жишгээрээ цаашид явна. Хамгийн гол нь шүүхийн шийдвэр өөрчлөгдөж байгаад нөлөөлж байгаа олон хүчин зүйлүүд бий. Түүнийг арилгахын тулд ажиллах ёстой. Шүүгч гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээхгүй. Хэрвээ хүлээдэг болвол шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж өөрөөр хэлбэл, давах хянах шүүх нь анхан шатны шүүгчээ хянадаг тогтолцоонд орно гэсэн үг. Шүүх бие даасан байна гэдэг нь шат шатны шүүх бие даасан байхыг хэлнэ. Ийм байж шүүхийн тогтолцоо цаашид үргэлжилнэ. Бид энэ байдлыг цаашид ч хадгална. Хариуцлага тооцох олон арга журам байна. Үүний нэг нь шүүгч ёсзүйн алдаа гаргасан байвал ёсзүйн хорооноос тухайн шүүгчид хариуцлага тооцож, сануулах цаашлаад огцруулах ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна.
-Шүүгчид хариуцлага тооцох нь зөвхөн ёсзүйн хороонд байгаа гэсэн үг үү?
-Шүүгчтэй холбоотой гомдлууд яригдаж байна. Шүүгчийг шууд огцруулдаг ажлаас нь халдаг асуудал байхгүйг Үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Хамгийн гол нь ёсзүйн хорооны шийдвэр гарсан тохиолдолд шүүгчийг ажлаас халах боломжтой. Шүүгчтэй холбоотой гомдол гарвал ёсзүйн хороонд хандах хэрэгтэй.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ