Ерөнхийлөгчийн ивээл дор олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэнг нээв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Her Presence in Colours-XI” Олон Улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын уран зургийн галерейд болов.
Дэлхийн олон оронд толилуулсан, нэр хүндтэй бүтээлүүдийн үзэсгэлэнг Монголд анх удаагаа дэлгэж байна. Үзэсгэлэнг Соёл спорт, аялал жуулчлалын яам, Олон Улсын Эмэгтэй Зураачдын Холбоо, Монголын уран зургийн галерей, “Тэнхлэг - Урлаг” ТББ хамтран зохион байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан олон улсын эмэгтэй зураачдын төлөөлөл болон үзэсгэлэнг зохион байгуулж буй монгол уран бүтээлчиддээ талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн халуун мэндчилгээг уламжилж, үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Уран зураг бол харах яруу найраг” гэсэн сайхан үг бий. Хүн төрөлхтний үе зуун, мянганаар улиран урагшлахад гагцхүү уран бүтээл л торойн үлддэг. Өөрөөсөө бүхэл бүтэн шинэ шинэ ертөнцийг төрүүлж хайр энэрэл, нигүүсэл халамжаараа хорвоог дүүргэж байдаг эмэгтэйчүүд, эмэгтэй уран бүтээлчдийн маань дэлхийн олон оронд өнгө аяс, гүн ухаан, гоо сайхнаа толилуулж ирсэн “Her Presence in Colours” үзэсгэлэн манай улсад нээлтээ хийж буйд олзуурхаж байна” хэмээгээд “Монгол улсын баруун хязгаарт орших сарьдаг өндөр Монгол Алтайн амьд урланд 30 мянган жилээс нааш үе үеийн хүн зоны бүтээж дархалж ирсэн 70 гаруй мянган хадны зураг илрээд байна. Энэ бол Монгол нутаг гайхалтай уран бүтээлчдийн өлгий, бас өвөрмөц нандин урлан болохыг харуулсан хэрэг. Өнөөдөр нээлтээ хийж буй энэ урлан Монголын эмэгтэй уран зураачдыг улам урамшуулан хөгжүүлэх, мөн манай орны соёл зан заншлыг Та бүхэнд шинээр нээж өгөх сайхан боломж гэж бодож байна” гэлээ.
Тэрбээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч бас “ЭЛБЭГ АРТ” хэмээх уран зургийн галерейг үүсгэн байгуулсан, уран зурагт сонирхолтой нэгэн болохыг дурдаад үзэсгэлэнд оролцогч, зохион байгуулагчдад дахин амжилт хүсч, сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Монгол улсад нээлтээ хийж буй энэ удаагийн үзэсгэлэнд 18 орны 120 шилдэг зураач оролцож бүтээлээ дэлгэсэн байх ба нээлтийн ажиллагаанд Галерейн танхим дүүрэн уран бүтээлч, урлаг судлаач, уран зураг сонирхогч, үзэгчид цугларсан байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга П.Цагаан, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл, Олон Улсын Эмэгтэй Зураачдын Холбооны тэргүүн, доктор Юан Чи Лин, Монголын уран зургийн галерейн дарга н.Батбаатар “Тэнхлэг - Урлаг” ТББ-ын тэргүүн Б.Хонгорзул нар бэлгэдлийн туузыг хайчиллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ