McDonald's болон KFC-ийн сүлжээнд хугацаа нь дууссан мах нийлүүлж байжээ

Шанхай хотын сүлжээ хоолны газруудад хугацаа нь дууссан мах нийлүүлж байсан хэрэг гарч Хятад даяар газар авч байна.

Шанхай хотод McDonald's, KFC, Pizza Hut болон бусад сүлжээ ресторанд мах нийлүүлж байсан “Shanghai Husi Food” компанийн үйл ажиллагааг зогсоосон байна.

Тус компани хугацаа нь дууссан бүтээгдэхүүн нийлүүлж байсныг тогтоожээ.

“Shanghai Husi Food” компани чанаргүй үхрийн болон шувууны махыг дахин боловсруулж, ингэхдээ баглаа боодол дээрх хэрэглэх хугацааг нэг жилээр сунгаж байсан бичлэгийн хэсгийг телевизийн “Dragon TV” сувгаар үзүүлсний дараа энэхүү дуулиант хэрэг мандсан байна.

Уг дуулиант хэргийн дагуу БНХАУ-ын хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарт хяналт тавих ерөнхий газар Хэбэй, Шаньдун, Хэнань, Гуандун болон Юньнань мужид Америкийн хүнсний “OSI Group” компанийн хөрөнгө оруулж байсан махны салбарын үйлдвэрүүдэд иж бүрэн шалгалт хийх захирамж гаргажээ.

Энэ байгууллага тухайлбал, махан бүтээгдэхүүн нийлүүлдэг газрууд болон боловсруулдаг аргад нарийн шинжилгээ хийхээр төлөвлөж байна. Мөн “Зөрчил гаргагчдыг олны өмнө хатуу цээрлүүлэн шийтгэх болно” гэж тус газрын мэдээнд дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ