Адмирал Колчакийн амьдрал

Нийгэм цаг үе өөрчлөгдөн түүх эргэж, социалист 70-80 жил муухайг нь дуудан, сөрөг дүр болдог байсан эрхмүүдийн амьдрал, зорьж байсан ажил үйлсийнх нь тухай үнэнийг бичиж, энэ тухай кино бүтээгдэж эхэлсэн. Манайхан ч “сохор” Богд гэхээс өөрөөр нэрлэдэггүй байсан наймдугаар Богдын тухай, Бодоо, Данзангийн тухай арай өөрөөр бичиж, ярьж судалж эхэлсэн. Орост ч большевикуудад хүйс тэмтрүүлсэн золгүй хааныхаа гэр бүлийн талаар болон хаант засагт үнэнчээр ажиллаж явсан баатруудын тухай, цагаантнуудын тухай судалж байгаа. Адмирал А.В.Колчакийн тухай “Адмирал” кино хүмүүсийн сонирхлыг ихээхэн татаж, энэ хүний тухай мэдэхийг хүмүүс хүсдэг. Орос Улсын Дээд захирагч, адмирал А.В.Колчак. Хожим Омскт хөшөөг нь босгосон энэ эрхмийн тухай сонирхолтой зүйл бичжээ.
Алекса́ндр Васи́льевич Колчак 1874 оны 11 сарын 16-нд Санкт-Петербургт төрсөн, 1920 оны 02 сарын 07-нд Иркутск хотод хувьсгалт босогчдод цаазлагдсан. Хаант Оросын Тэнгисийн цэргийн командлагч, иргэний дайны үед большвек засгийн газрын эсрэг цагаантны армийг удирдаж байсан. Оросын газар зүйн нийгэмлэгийн хүндэт гишүүн байжээ.
Адмирал Колчак 1874 онд Санкт-Петербург хотноо цэргийн хүний гэр бүлд төржээ. Түүний аав нь тэнгисийн цэргийн хошууч генерал цолтой хүн байсан байсан ба Крымын дайны үед 1853—1856 онд Севастополь хотын хамгаалалтанд оролцож байжээ. Дайны дараа тэнгис далайн яамны харьяа Обуховсоийн заводод ерөнхий инженер зохион бүтээгчээр ажилласан байна.
Адмирал Петербургийн гимназид элсэн орж суралцан 1894 онд Тэнгисийн цэргийн сургуулийг төгссөн байна. Тэрээр 1895-1899 онд алс дорнодын Владивосток хотод томилогдон ажиллажээ. Улмаар Оросын өрнө зүгийн тэнгисийн бааз Корнштадад томилогдон 1900 хүртэл хойд туйл судлалын “Зарья” хөлөг онгоц дээр алба хаасан байна.
Маш хүнд зовлон бэрхшээлийн даван туулж аялан ирээд өөрийн хэсэг нөхөдийн хамт хойд туйлд “Колчак ба Туйл” гэдэг аялал зохион байгуулж Оросын газар зүйн нийгэмлэгийн шагналаар шагнуулж байжээ.
1904 онд Орос-Японы дайны үед буцан ирж Порт-Артур боомтод томмлогдон иржээ.
Тэрээр Оросын хэрэх онгоц Аскольдыг удирдан Японы хэрэх онгоц Такасогог устган эзэн хаанаас гэгээн Аннагийн одонгоор шагнагдсан байна. Гэвч тэрээр шархдан Нагасаки хотын шоронд дайн дуустал хоригдсон байна.
1905 оны 04 сард Санкт-Петербург хотноо эргэн ирж Оросын шинжлэх ухааны академид орж ажиллан эрдэм шинжилгээний нилээд олон бүтээл туурвисан байна. 1906 онд Оросын тэнгисийн цэргийн жанжин штабд орж Балтын флотыг удирдсан байна.
1914 онд Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Балтийн флотыг удирдан дайнд удаа дараа ялалт байгуулж шалгарсан тул 1916 оны 04 сард контр-адмирал, 08 сард вице-адмирал цолоор тус тус шагнуулсан байна. Улмаар Хар тэнгисийн флотын удирдагч болсон.
1917 онд Орос оронд хувьсгал болж дэлхийн 1-р дайнд өөрчлөлт гарсан бөгөөд Хар тэнгисийн флотод бослого гарч үймээн самуун дэгдэж байжээ. Тэрээр бүх албан тушаалаасаа бууж Петрград хотноо ирсэн бөгөөд түр засгийн газартай хэлэлцээ хийсэн байдаг.
Удалгүй тэрээр АНУ, Европоор хэсэг аялан явж байгаад цагаантны Түр засгийн газрыг дэмжин 1918 онд Владивосток хотноо эргэн ирсэн байна.
Тэрээр дээд командлан захирагч “адмирал” цол авч 110,000 хүн бүхий арми байгуулан Омск, Уфа, Саратав хотуудыг эзлэн авч байжээ. Тэрээр тухайн үедээ хаант засгийг дахин сэргээхийн төлөө байсан бөгөөд гадны улсуудын дэмжлэг нилээн авсан юм. Түүний мэдэлд 300,000 км нутаг дэвсгэр 7 сая орчим хүн байсан юм.
Колчакийн энэ байдал нь большвекуудад аюул занал учируулж эрс шийдэмгий арга хэмжээ авахад хүргэсэн юм.
1919 оны 4 сард Улаан арми сөрөг дайралт хийн цагаантны хүчийг Уфа зэрэг томоохон хотоос хөөн гаргаж цагаан армийг Сибирийн зүг шахсан байна. Тухайн үед улаан армийг домогт жанжин Тухаче́вский командлан захирч бүх цагаантныг Уралаас хойш хөөн гаргасан юм. Гагцхүү өмнө зүгт Дени́кины арми үлдээд байсан бөгөөд Колчак тэр 2 хүчээ нийлүүлж чадалгүй салсан байдаг.
Омск хотноо ихэнх хүчээ алдсан адмирал Колчак Эрхүүгийн зүг Транс-Сибирийн төмөр замаар Чехийн легионы хамгаалалтайгаар явсан юм. Тухайн үед Эрхүүд бослого гарч хувьсгалчид хотыг хянаж байсан бөгөөд Атаман Семёнов хотоос шахагдан Чита хотод түр байрлаж байжээ. Тухайн үед генерал Каппель 30,000 орчим цэрэгтэй байсан бөгөөд ачааны галт тэрэг олдоогүйн улмаас газраар адмиралын араас алдарт “Сибирийн мөсөн аян”-г эхлүүлсэн юм.
1920 оны 1 сард Францын генерал Жаннен өөрийн аюулгүй байдлаа адмиралаар солин түүнийг хувьсгалт зөвлөлд хүлээлгэн өгсөн юм.

Эрхүүгийн хувьсгалт зөвлөл адмиралд үймээн дэгдээгч гадаадын гар хөл хэмээн ял тулгасан бөгөөд Москвагийн зөмлөмжийн дагуу адмирал Колчакийг цагаантны түр засгийн газрын ерөнхий сайд Виктор Николаевич Пепеляевийн хамт 1920 оны 2 сарын 7-нд буудан хороож цогцсыг нь Ангар мөрөн живүүлэн мөрөө балласан юм.

Ийнхүү Оросын нэгэн агуу хүн комунистуудад буудуулан өнгөрсөн юм.
Гэргийг нь Софья Фёдоровна Колчак гэдэг байсан бөгөөд тэрээр Францад хүүгийн хамт цагаачлан амьдарч улмаар 1956 онд нас барсан юм. Түүний хүү Колчака Ростислав 1910 онд төрсөн бөгөөд дэлхийн 2-р дайнд Францын талд орон Фашистын эсрэг тулалдан дайны дараа 1965 онд нас баржээ. Түүний хүү Александр Ростиславович өнөөг хүртэл Парис хотноо энх тунх амьдарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Цэвэлмаа (127.0.0.1)
    А.В.Колчак бол чадварлаг удирдагч шударга тэмцэгч тэсвэр хатуужлын туйл үлгэрлэгч түүхэн хүн байжээ
    2024 оны 08 сарын 28 | Хариулах