Өвөрмонгол бол Монгол юм байна

ХАЛХ МОНГОЛЧУУД бид Өвөр Монголын тухай үнэнийг хэлэхээсээн илүү үлгэр зохиож ярьдаг. Гэхдээ бид мэдлэггүй харанхуй хүмүүс биш. Мэдсээр байж буруу хэлэх худалч, хорон санаат хүмүүс ч биш. Тийм юм бол бид яагаад үлгэр, үнэн хоёрыг ялгаж чадахгүй болов? Үүнд учир бий. Гэхдээ эхлээд үлгэр, үнэн хоёроо ялгаж салгая, дараа нь учрыг тайлбарлая.

ХАЛХ МОНГОЛЧУУД бид Өвөр Монголын тухай үнэнийг хэлэхээсээн илүү үлгэр зохиож ярьдаг. Гэхдээ бид мэдлэггүй харанхуй хүмүүс биш. Мэдсээр байж буруу хэлэх худалч, хорон санаат хүмүүс ч биш. Тийм юм бол бид яагаад үлгэр, үнэн хоёрыг ялгаж чадахгүй болов? Үүнд учир бий. Гэхдээ эхлээд үлгэр, үнэн хоёроо ялгаж салгая, дараа нь учрыг тайлбарлая.Yлгэр: Дэлхий дээр 2.8 сая Монголчууд байна.

Yнэн: 2.8 сая бол Монгол улсын хүн амын тоо. Дэлхий дээр 9–10 сая Монгол байдаг. Монгол хүн болгон Монгол улсын иргэн биш.

Үлгэр: Өвөр Монголчууд бол Эрээн, Хөх Хот, Бээжинд голдуу орчуулга, наймаа хийж амьдардаг, Монголоор хальт мульт ярьдаг хятад хүмүүс.

Үнэн: Монголоор сайн муу ярьдаг хятадууд байдаг л байх. Гэхдээ тэд бол миний ярих гэж байгаа Өвөр Монгол биш. Өвөр Монголчууд бол Монгол ёстой, Монгол соёлтой, Монгол хэлтэй, Монгол сэтгэлтэй, Монгол цустай, өөрсдийгөө хятад биш Монгол гэж үздэг 5 сая Монгол хүмүүс.

Мэдээж Ар Өвөр Монголоос гадна Буриад, Халимаг, Хөх Нуурын “Дээд” Монголчууд, Зүүнгарын (Шинжааны) Монголчууд гээд биднээс дутахгүй Монгол хүмүүс байгаа. Гэхдээ (1) Өвөр Монголыг буруугаар ойлгох нь хамаагүй элбэг учраас, (2) ажлаа хялбарчлахын тулд би энэ өгүүллэгт зөвхөн Өвөр Монголын тухай ярьна. Халх Монголчууд Өвөр Монголыг зөвөөр ойлгосон цагт Халимаг, Буриадыг бас зөвөөр ойлгох биз.

Үлгэр: Өвөр Монгол эрт дээр үед Халх Монголоос салж тасарсан.

Үнэн: 1913 оны 1 дүгээр сарын 23-нд Богд Хаан Өвөр Монголын Шилийн Гол, Улаанцав аймгуудад цэрэг босгох даалгавар өгчээ. Тэгээд 2 дугаар сард Улаанбаатараас урагшаа цэрэг хөдөлсөн байна. Ихэнх цэргүүд нь Халх Монгол, харин цэргийн удирдагч нар нь Өвөр Монгол байв. Харамсалтай нь Оросын амласан тусламж ирэлгүй, 1915 он гэхэд Халх Монголчууд Өвөр Монголыг чөлөөлж чадалгүй цэргээ татжээ.

Ар Өвөр хоёр Монгол салж, Өвөр Монгол хятадад эзлэгдсэн цаг бол саяхан. Энэ бол 20 дугаар зуунд болсон үйл явдал. 20 дугаар зуунд! Манжийн дарлал дор Ар Өвөр Монголчууд бие биенээ адилхан Монгол гэж үздэг нэг ард түмэн байжээ. Магадгүй Халхын Түшээт хан, Өвөр Монголын Ордос хоёр аймаг Ховд, Хөвсгөл хоёр шиг л байсан байх!

Зуун жилийн тэртээ 1911 онд Манж Чин улс мөхсөнөөс хойш хоёр Монгол өөр өөрийн замаар явсан. Тэглээ гээд ор тас салаагүй. Халхын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн хажуугаар хоёр Монголыг нэгтгэх тэмцэл өрнөж байсан бөгөөд Халх Монголчууд бид Богд Хааны зарлигаар Өвөр Монголыг чөлөөлөх гэж цэрэг эрсээ хүртэл явуулж байж. Хэн мэдлээ! Бас Халх Монголчууд их хэлмэгдүүлэлтийн үед олон мянгаараа Өвөр Монголруу дүрвэж гарсан. (Тэдний нэг нь “Халхын сүүлчийн Хутагт” Дилав Хутагт байв.) Ер нь 20 дугаар зууны эхэн дунд үе хүртэл Ар, Өвөр Монгол хоорондоо нягт холбоотой байжээ.

Үлгэр: Өвөр Монгол олон зууны өмнөөс хятадын нэг хэсэг болсон.

Үнэн: Бид Замын-Үүдээс Эрээн хүрэх замдаа хятадад орж ирлээ гэдэг. Гэтэл Өвөр Монголын газар нутаг бол угаасаа “хятад” биш Монгол эцэг өвгөдийн нутаг. Тийм ч учраас газар усны нэр нь Монгол байдаг: Хөх Хот, Баян Нуур, Хөлөн Буйр, Улаан Цав, Улаан Хад, Шилийн Гол, Бугат, Хинган, Тэнгэр Элс, Сайхан Тал, Долоон Нуур. Хятадууд л Монгол нэрийг яргалдаг. Таван толгойн нүүрс очдог хилийн хот Ganqimaodu биш Ганц Мод шүү дээ.

1500-аад оны эхэнд Хубилай Хааны удмын Батмөнх Даян Хаан, Хатан Мандухай Сэцэний хамт Зүүн Монголыг нэгтгэж, улсаа Халх, Урианхай, Цахар, Ордос, Түмэд, Еншөөбү хэмээх зургаан “Түмэн”-д хуваасны ихэнх хэсэг нь одоогийн Өвөр Монголд багтана. Батмөнх, Мандухай хоёр өөрсдөө Халх Монголд биш Цахар Монголд (одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймагт) амьдарч байжээ. Монголын Их Хаан зургаан Түмэн Монголын хаан боловч Цахар Түмнийг шууд удирдан Цахарт суудаг байв. Чингис Хааны тамгыг хадгалж үлдсэн Монголын сүүлчийн Их Хаан Цахарын Лигдэн Хутагт, манай Халхын Цогт тайжтай Зүүн Монголыг дахин нэгтгэх гээд чадалгүй Монголчууд хэсэг хэсгээрээ Манжид эзлэгдсэн гашуун түүх бий.

Манж Чин улс мөхсөний дараа Өвөр Монголчууд Японд нэг хэсэг захирагдсан. Мөн Чингисийн удмын Дэмчигдонровын удирдлаган дор өөрийн төр засагтай ч байж үзсэн. Миний өвөөг залуу байхад Өвөр Монголд Монгол хүн эзэн сууж байжээ! Мао Зэдун БНХАУ-ыг байгуулсан буюу 1949 онд л Өвөр Монголын газар шороо хятадын гарт орсон юм.

Үлгэр: Монголын Их Эзэнт Гүрэн мөхөж, Монголчууд хятадаас хөөгдөж гарахад хятадад үлдсэн Монголчууд бол өнөөгийн Өвөр Монголчуудын өвөг дээдэс.

Үнэн: Та энэ хүртэл уншсан бол үүнд итгэхгүй байх. Түүхээ эргэн дурсахад, Монголчууд 1368 он хүртэл хятадыг захирч суугаад, тэр онд хятадаас хөөгдөж гарсан. Энэ бол Зүүн, Баруун Монголчууд хоорондоо дайтаж байсан үе. 1450 оны үед Ойрдын (Баруун Монголын) Эсэн Тайш хятадыг бут цохиход далимд нь Зүүн Монголчууд одоогийн Өвөр Монголын нутгийг дахин эзлэсэн. Ийнхүү цагаан хэрэмнээс хойшхи нутаг Монголын нутаг болсон ажээ.

Үлгэр: Өвөр Монголчууд бол хятадын эрлийз, эсвэл ихэнх нь эрлийз, “хагас Монгол”.

Үнэн: Өвөр Монголчуудыг эрлийз гэх нь царайлаг бүсгүй болгоныг янхан гэхтэй адил юм.

Ихэнх тохиолдолд Халх Монголчууд бид ганц ч Өвөр Монгол хүний удам угсааг нь байтугай нэр алдарыг нь мэдэхгүй. Тийм байж бид ямар үндэслэлтэйгээр Өвөр Монголчуудыг эрлийз, “хагас Монгол” гэж хардах болов? Өвөр Монголд ч, Ар Монголд ч цус холилдсон хүмүүс байгаа. Тэглээ гээд хүмүүсийн удам угсааг бүртгээд, “бүрэн Монгол”, “хагас Монгол”-оор нь ялгах утгагүй, боломжгүй, ашиг ч үгүй. Эцэсдээ анд нөхөр болох байсан хүнийг гомдоогоод явуулна. Ар Өвөр ямар ч Монгол хүний хувьд “хужаа”, “хятад” гэж хэлүүлэх (эсвэл “чи хятад уу” гэж асуулгах) бол хамгийн доод доромжлол шүү.

Угаасаа Өвөр Монголчууд бидний харддаг шиг “эрлийз” биш. Миний сайн таньж мэддэг Өвөр Монголчуудын дунд хятад цустай хүн нэг ч алга. Өвөр Монголын Боржгон овогтнууд нь Чингис Хаанаас улбаалсан ургийн бичигтэй байдаг. (Мэдээж Халх Монголын язгууртнууд мөн л тийм ургийн бичигтэй байх ёстой.) Хятадтай суусан Өвөр Монголчуудын тухай би сонсож байсан. Энэ нь Ар Монголчууд гадаад хүнтэй суудгаас ялгаагүй. Өвөр Монголчууд өөрсдөө хятад хүнтэй суусан нэгнээ зэмлэж, Монгол хүнтэй нь суулгах гэж ятгадаг.

Үлгэр: Өвөр Монголчууд хятадад “ууссан”.

Үнэн: Энэ (2011) оны 5 дугаар сарын 10-нд Өвөр Монголын Баруун Үзэмчинд малчин Мэргэн зориг гарган 22 дугуйтай аварга том нүүрс тээвэрлэгч машины замыг хаан зогсчээ. Нутаг бэлчээр, нүүдэлчин амьдралыг нь хар тоосоор будсан нүүрсний машин түүний толгойг бяц дайраад гарсан байна. (Иймэрхүү хэргүүд Ар Өвөр Монголд хэд хэд гарсан.) Энэ хэргийн дараа Зүүн Үзэмчин, Шулуун Хөх, Шилийн Гол, Улаан Хад, Хөх Хот, ер нь Өвөр Монгол даяар бослого гарсан. Хятадад “ууссан” хүмүүс хуяг буутай мянга мянган цэргийн өөдөөс уухай хашхиран боссон уу?

Мэргэний аллага бослогыг дэгдээсэн, гэхдээ бослогын гол шалтгаан байсангүй. Өвөр Монголд сүүлийн хэдэн арван жилд хятад хүмүүс дэндүү олон болж, Монголчууд газар нутаг дээрээ харийн оронд амьдарч байгаа мэт болсон билээ. Монгол хүн газар шороон дээрээ эрх мэдэлгүй болж, жил ирэх тутам Монгол сургуулиуд цөөрч, Монгол хүн малгүй, Монгол мал бэлчээргүй болж байна. Үүнээс болж Өвөр Монголчууд зовж бухимдаж байна гэвэл их мөрнийг алсаас үзээд жижиг горхи байна гэсэнтэй адил болно.

Түм буман хужаа дунд Монголоороо үлдэнэ гэдэг бол маш хүнд тэмцэл. Би өөрөө Лондонд удаан амьдарсан. Харь оронд үр хүүхэддээ Монгол хэл соёлоо өвлүүлэх амаргүй гэдгийг мэднэ. Аав ээж нь гэртээ Монголоор ярьсан ч хүүхдүүд нь Англиар ярьж өсдөг. Зурагт, кино, тоглоом, интернэт, ном, хичээл бүгд англи хэл дээр болохоор арга ч үгүй биз. Өнөөдөр Өвөр Монголын зарим хэсэгт, ялангуяа хот суурин газарт амьдардаг Өвөр Монголчуудын хувьд хятададуусах бодит аюул тулгараад байна.

Манай Монгол улсыг харийн хүмүүс эзлээд авчихвал бид Монголоороо үлдэхийн төлөө яаж тэмцэх бол? Бид бууж өгөх үү?

Өвөр Монголчууд бууж өгөөгүй. Байдал хэцүү байгаа ч тэд ихэнх тохиолдолд Монголоороо үлдсэн. Өвөр Монгол айлд орвол таныг дээш нь суулгаад сүүтэй цай, хониний чанасан махаар дайлна. (Хятад айлд орвол лав ингэж дайлахгүй.) Би Өвөр Монголчуудын найранд хэд хэдэн удаа очсон. Тэдний найрлах дуулах нь манай Халх Монголынхоос ямар ч ялгаагүй. Архиа ууна, махаа иднэ, бас хүн болгон нэг дуу (заримдаа гурав!) эхлүүлэх хэрэг гарна. Өвөр Монголчууд морин хуур, товшуураа дарна, уртын дуу, хөөмийгөө дуулна. Манай Халх Монголд дуулагддаг ардын дуунууд мэдээж Өвөр Монголд байна. Хамгийн сайхан нь Өвөр Монголчууд худум Монгол бичгээр чөлөөтэй уншиж бичнэ. Өвөр Монгол хүнийг Монгол бичгээр хурдан, цэвэрхэн бичихээр би их атаархдаг.

Тиймээс Өвөр Монголчуудыг “хятадад ууссан” гэх нь том эндүүрэл болохоор барахгүй тэдний тэмцлийн галруу нулимсан хэрэг болно. Хавар болгон хангайд цэцэг дэлгэрдэг шиг Өвөр Монголд үе үеийн багачууд Монгол хэл соёлтойгоо өсөн торнисоор байна. Энэ өдрөөс цааш тоолж баршгүй олон жилийн турш Монгол өв соёл Өвөр Монголд тасрах ёсгүй.

Үлгэр: Өвөр Монголчууд”цэвэр” Монгол хэлээр ярьдаггүй болохоор тэд “цэвэр” Монгол биш.

Нэгдүгээр үнэн: Ямар ч хэл олон аялгатай байдаг. Үүнээс аль нэгийг нь “үндсэн”, “цэвэр”, “жинхэнэ” аялга гэх бол утгагүй. Цэвэр аялгыг тодорхойлох эрх мэдэл хэнд байна? Англи, Америк, Австрали бүгд Англиар ярьдаг боловч өөрсдийн онцлог аялгатай. Англи, Америк улс дотроо олон аялгатай. Тэр ч бүү хэл зөвхөн Лондон хотод гэхэд л cockney, chav, posh гээд олон аялгууд байдаг (Youtube-ээр “English accents” гэж хайгаад сонсож болно). Хэнийх нь аялга “цэвэр” болж таарч байна? Энэ асуултанд олигтой хариулт олдохгүй. Учир нь асуулт өөрөө утгагүй.

Тодруулж хэлэхэд аялгууд үг үсгийн дуудлагаас гадна үгийн утга, сонголтоороо ялгардаг. Хэдэн жишээ дурьдая:

Орчуулга Америк Англи
хөл бөмбөг soccer football
өмд pants trousers
жорлон restroom loo
хэрүүл argument row

Олон аялга байдаг нь хэл үргэлж хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой. Нэг аялга заримдаа газар газар өөр замаар хөгжиж, энэ аялгаас модны мөчир шиг олон аялгууд салаалж гарч ирдэг. Үүнээс үзвэл Ар Өвөр Монголын олон аялгууд цагтаа нэг аялга байжээ.

Хэлний өөрчлөлтийг зогсоох ямар ч аргагүй. Тиймээс ч “цэвэр” аялга гэж ярих бол утгагүй. Цэвэр Монгол аялгыг тодорхойллоо гэж бодъё. Тэгвэл тэр аялга хэдэн жилийн дараа хөгжөөд өөр болчихно, эсвэл салаад олон болчихно. Тодорхойлсон цэвэр аялга маань үгүй боллоо гэсэн үг.

Хоёрдугаар үнэн: Ер нь одоо болтол Үзэмчин, Цахар, Халх аялгууд хоорондоо их адилхан байдаг. Ойрд Монголын (Торгууд, Өөлд, Дөрвөд гэх мэт) аялгууд бол харин Халх, Цахар аялгаас илүү ондоо. Миний эмээ Ховдын Эрдэнэбүрэн сумын Өөлд хүн л дээ (би ¼ Өөлд, ¾ Халх). Эмээгийн ээж (хөгшин эмээ) хамаатны хүмүүстэй ярихаар би зарим үгийг нь ойлгодоггүй байсан. Маргааш гэхийг “мангадар”, ингээд гэхийг “ийгээд” гэнэ. Өвөр Монголын зүүн аймгуудын (Харчин, Хорчин) аялгууд бас Халх, Цахар аялгаас нилээд өөр байдаг. Зарим үг хэллэгийг нь бид амархан ойлгохгүй. Гэхдээ гол нь Өвөр Монголын Үзэмчин, Цахар аялгууд манай Халх аялгатай их адилхан. Харьцангуй саяхан болтол Халх, Цахар аялгууд ялгахын аргагуй нэг аялга байжээ гэсэн үг.

Сонирхуулж хэлэхэд ихэнхдээ манай Халх аялга эртний Монгол хэлээс салж хөгжсөн байдаг. Эртний Монгол хэлэнд “з, ц” гэсэн авиа дуудлага байгаагүй. Монгол бичигт з/ж, ц/ч-г ялгадаггүй нь ийм учиртай. 19 дүгээр зууны эхэнд байж магадгүй, Халх Монголчууд бидний өвөг дээдэс “чэрэг, чэчэг, жургаан жуу, чай ууя” гэж ярьдаг байсан гэсэн үг. Ихэнх Өвөр Монголчууд одоо болтол ингэж ярьдаг шүү дээ. Гэхдээ Халх аялга Үзэмчин, Цахар аялгуудаас муу гэсэн үг биш, өөр л болохоос илүү дутуу юмгүй.

Гуравдугаар үнэн: Өвөр Монголын зарим аялгууд эртний Монгол хэлтэй илүү адилхан байх бас нэгэн шалтгаан бий. Энэ нь бичиг үсэгтэй холбоотой. Хүүхэд аав ээж, орчин тойрноосоо хэл аялгыг сурдаг бол том болсных нь дараа бичиг үсэг аялгад нь нөлөөлж эхлэдэг.

Жишээгээр тайлбарлая. Монгол хэлэнд “в” гэсэн авиа дуудлага байдаггүй ч бид “в” үсгийг хэрэглэдэг. Та “аав, хавар, ховор” гээд хэлээд үзээрэй. Уншихгүйгээр, зүгээр хэлдгээрээ л хэлээд үз. Бараг л “аау, хауар, хоуор” гэнэ. Одоо зарим хүмүүсийн уншихыг (ялангуяа дуулахыг) сонсоорой. Тэд заримдаа в-г тодоор дууддаг. Гадны үсэг бидний хэл аялгад нөлөөлж байна гэсэн үг. Угаасаа кирил бичигт манай хэлэнд ямар ч хэрэггүй “я, е, ё, ю, ь, ъ, ы” зэрэг үсэг байдаг. Монгол хэлийг кирил үсэг эвдэж байна гэхээс өөр аргагүй.

Харин Монгол бичгээр бичдэг Өвөр Монголчуудад ийм асуудал байхгүй. Бидний эцэг өвгөд Монгол бичгээр олон зуун жил (бараг мянган жил) бичсэн болохоор энэ бичиг манай хэлэнд гайхалтай сайн тохирсон байдаг. Кирил үсгийг Монгол хэлэнд тааруулах гэж толгой эргэм олон дүрэм зохиосон бол Монгол бичигт хялбархан хэдхэн л дүрэм байна.

“Монгол бичгээр бичвэл манай улс хөгжихгүй, Монгол бичиг хуучин, хоцрогдсон” гээд хүмүүс олон асуудлыг тавьдаг. Энэ бүгдийг няцаая гэвэл сэдвээсээ дэндүү хазайсан болно. Гэхдээ нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Монгол бичгээр аав гэхийг “абу”, уул гэхийг “агула” гэх мэтээр бичдэг болохоор сурахад хэцүү гэж зарим хүмүүс гомдоллодог. Гэтэл дэлхийн хаана ч очсон бичгийн хэл ярианы хэлээс зөрж байдаг. Энэ бол бас л хэл хувьсан өөрчлөгдөж байдагтай холбоотой. Бидний эцэг өвгөд цагтаа (Чингис Хаанаас өмнө байж магадгүй) үнэхээр л “абу, агула” гэж ярьдаг байснаа олон зууны турш ярианы хэл өөрчлөгдөж, “аау, уул” гэж хэлэх болсон. Харин бичгийн хэлэнд “абу, агула” хэвээр үлджээ. Англи хэлэнд ялгаагүй. Knife гэж бичээд “кэ-ний-фэ” биш “нааяф” гэж уншдаг. (Энэ жишээг Berkeley-гийн нэг багшаас сонссон.) One гэж бичээд үү-нэ биш “уана”, Greenwich гэж бичээд Грийнвич биш “Гриниж”, Birmingham гэж бичээд Бермингхам биш “Бээмин-ам” гэж уншина. Англи хэлийг бичдэг шиг нь уншдаггүй гэдгийг анхлан сурч байгаа хүн болгон мэддэг.

Тиймээс, Монгол хэлэнд гайхалтай сайн тохирсныг нь эс тооцвол, Монгол бичиг дэлхийн бусад бичгээс ямар ч ялгаагүй юм. “Нааяф”-ыг “кэ-ний-фэ” гэж бичлээ гэж хүмүүс гомдоллохгүй байхад бид яагаад Монгол бичгээ өөрөөр үздэг билээ? Нэгдүгээр ангийн хүүхэд “үү-нэ” гэж бичээд “уана” гэж уншиж чадаж байгаа юм бол “агула” гэж бичээд “уул” гэж уншиж чадна. Бид кирил үсэгт дэндүү дасчихаж. Монгол бичгээр уншиж бичиж дадсан ямар ч Монгол хүний хувьд, ялангуяа нэгдүгээр ангиасаа Монгол бичиг үзсэн хүүхдүүдийн хувьд Монгол үсэг нь кирил үсгээс амархан байна уу гэхээс биш хэцүү байхгүй.

Монгол бичгийг устгаж үгүй хийхийг оролдсон хүмүүс “уйгаржин”, “хуучин” гэж өвгөд дээдсийн минь бичгийг доромжилж, нэр хүндийг нь унагаахыг оролдсон нь амжилтанд хүрч, өнөөдөр Монголчууд бид харийн бичгийг магтаж, өөрийн бичгээ танихгүй явж байна. Энэ ямар харамсалтай вэ! Бидний магтах дуртай Латин цагаан толгойтой Англи бичиг бас л хуучин бичиг. Хуучин байлаа гээд бичиг олон зуун жилийн их өв соёлыг хуримтлуулна уу л гэхээс муудаж элэгдэнэ гэж үгүй.

Өнөөдөр Арабууд Английг эзэлчихээд, Англичуудад Араб үсгээ хүчээр тулгавал яах уу? Англичууд Араб үсгээр бичээд эхлэвэл олон зуун жил 26 латин үсгээр бичсэн их өв соёл нь үгүй болох биш үү? Шекспирийн зохиолуудыг Араб үсгээр галиглаж бичээд унших бол төсөөлхийн аргагүй утгагүй, тэнэг юм. Гэтэл яг ийм явдал манай Монголд болсон.

Үлгэр: Төв Халх бол “жинхэнэ” Монгол. Бусад ястнууд бол Халхууд шиг “жинхэнэ цэвэр” Монгол биш.

Үнэн: Олон аялгын аль нэгийг “цэвэр” гэх нь утгагүй байдаг шиг олон Монгол ястны аль нэгийг “цэвэр Монгол” гэх бол утгагүй юм. Бид бүгд л дээлтэй, гэртэй, эсгийтэй, уурагатай Монголчууд. Тэртээ зуунд мориныхоо туурайгаар хятад хүний хүзүүг хуга гишгэж, сумныхаа зэвээр орос хүний зүрхийг цоо харвасан хүч тэнхээтэй, сүр жавхаатай Монгол баатрыг мэдэх үү? Ар Өвөр ялгаагүй бид тэр хүний үр сад. Халх Монголчууд бидэнд өөрсдийгөө бусдаасаа “илүү” Монгол гэх ямар эрх байна? Нэг эцэг эхийн хоёр хүүг ялгаж болох уу?

Ийм нэгэн үлгэр бий: “Эзэн Чингисийн үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар нутаглаж байсан Монголчууд бол зөвхөн Халх Монголчуудын өвөг дээдэс. Тиймээс Халх Монголчууд бол Монгол орны ‘төв’ хэсгээс гаралтай Монголын ‘гол цөм’ ястан” гэж.

Үнэндээ: Нэгд, Өвөр Монголчуудын өвөг дээдэс ч мөн адил Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар Эзэн Чингисийн үед нутаглаж байсан. Дээр хэлсэнчлэн 1450 оны үед Монголчууд одоогийн Өвөр Монголын нутагт сууршиж, цагаан хэрмээс Байгаль нуур хүртэлх нутаг Монголынх болсон юм. Ар Өвөр Монгол салсан цаг бол саяхан.

Хоёрт, Монголчууд Манжийн дарлалд орохоос өмнө, ер нь бараг тусгаар тогтоносон шинэ Монгол улс байгуулагдах хүртэл, Монголын төв Халх Монголд биш Цахар Монголд байсан. Халх Монголчууд бид үүнд итгэж чадахгүй байлаа гээд үнэн түүх өөрчлөгдөхгүй. Цахар бол Монголын Их Хаадын аймаг. “Халх” гэсэн энэ нэр Батмөнх Даян Хааны үед, Зургаан Түмэн Монголын нэг нь болж түүхийн хуудсанд анх бичигдсэн. Батмөнх, Мандухай хоёрын хөвгүүдээс Барсболд нь хаан ширээгээ залгамжилж Цахартаа үлдээд, дүү Гэрсэнз Жалайр нь Халх Монголын хаан болсон түүхтэй. Барсболдоос хойш Лигдэн Хаан хүртэл Цахарын хаад Чингис Хааныг залгамжилсан.

Ар Өвөр Монголчууд нэг гарал үүсэлтэй нэг ард түмэн байсан юм бол хэзээнээс эхлээд Халх Монголчууд бид өөрсдийгөө илүү “цэвэр” Монгол гэж үзэж эхлэсэн юм бэ? Товчхон хариулахад, бид тусгаар улс байгуулсныхаа дараа л өөрсдийгөө Монголын “төв” гэж үзэж эхлэсэн. Энэ өгүүллэгт няцаахыг оролдсон үлгэр болгоныг бид 20 дугаар зуунд зохиосон. Харин ямар учраас зохиов?

ЭРТ ЦАГТ хаана ч очсон эрдэмтэд хавтгай дэлхийг нар тойрч эргэдэг гэж үздэг байжээ. Гэхдээ эртний хүмүүс орчин үеийн хүмүүсээс илүү тэнэг байсан уу? Мэдээж үгүй. Тэд буруу ойлголттой лбайсан.

Бид яг л эртний эрдэмтэд шиг байгаа юм. Буруу ойлголттой. Буруу ойлголтоо өөртөө болон бусдад зөвтгөхийн тулд элдэв янзын үлгэр зохиодог. Энэ бол хүн төрөлхтний зан чанар. Хэн ч буруу байхыг хүсдэггүй. Хэн ч үзэл бодлоо хамгаалдаг. Хамгаалахын тулд байж болох бүх тайлбар шалтгааныг гаргаж ирдэг.

БУРУУ ОЙЛГОЛТ хэзээ яаж үүссэн тухай ярья. Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсаны дараа Ар Өвөр Монголыг хоёр хил зааглаж эхэлсэн. Нэг нь мэдээж шороо, чулуун дээр зурагддаг засаг захиргааны хил. Нөгөөх нь үзэл бодлын хил. Газар нутгийн хилээс илүү үзэл бодлын хил хоёр Монголыг салгасан юм. Үзэл бодлын хил л бидэнд Буруу ойлголтыг өгсөн.

Би социализм, капитализм гэх мэт нийгэм эдийн засгийн үзэл бодлын тухай биш Үндэсний үзлийн тухай ярьж байна. Энэ үг хоёр утгатай. Нэгд, бид эх оронч хүнийг үндэсний үзэлтэн гэдэг. (Англиар patriotism.) Хоёрт, Үндэсний үзэл бол аливаа үндэстний өөрийгөө бусдаас ялгаж тодорхойлох үзэл юм. (Англиар nationalism.)Хар арьстай Солонгос хүн байж болох уу? Англи хэлээр ярьдаггүй, эсвэл Их Британи улсын иргэн бус Англи хүн байж болох уу? Ер нь ямар хүнийг Солонгос, ямар хүнийг Англи гэж тодорхойлох вэ? Энэ асуултанд тухайн үндэстний өгөх хариулт бол тэдний Үндэсний үзэл юм.

Үндэсний үзэл аливаа ард түмний ертөнцийг харах үзэл болж, тэдний бодлыг нэг өнгөөр будаж, тэдний харааг нэг зүгт чиглүүлж чаддаг.

Хялбарчилж ярьвал хоёр төрлийн Үндэсний үзэл байна. Нэг нь ethnic nationalism буюу угсаатан төвтэй үндэсний үзэл. Нөгөөх нь civic nationalism буюу иргэн төвтэй үндэсний үзэл. Угсаатан төвтэй үндэсний үзлээр бол нэг гаралтай, нэг цустай, нэг хэлтэй, нэг соёлтой хэсэг бүлэг хүмүүсийг “манай үндэстэн”, “манай угсаатан” гэдэг. Гэхдээ эдгээр хүмүүс нэг улсын иргэд байх шаардлагагүй. Жишээ нь Еврэй хүмүүс Израйлиас эхлээд Европ, Америкт олон саяараа амьдардаг. Хэдийгээр тэд нэг улсын иргэд биш ч бие биенийгээ Еврэй гэж хүлээн зөвшөөрдөг.

Иргэн төвтэй үзлээр бол өөртэйгөө адилхан иргэний үнэмлэх (пасспорт) өвөртөлсөн хүнийг л “манай хүн” гэж тодорхойлно. Тэр хүн өөр гаралтай, өөр цустай, өөр өнгийн арьстай байх хамаагүй. Хамгийн тодорхой жишээ бол АНУ-ын Үндэсний үзэл. Америкт олон үндэстнүүд байдаг: Англи (Бритни Спирс), Итали (Франк Синатра), Ирланд (Жон Ф. Кеннеди), Еврэй (Боб Дилан), Африк (Майкл Жексон). Америк хүмүүс ихэнхдээ цус холилдсон байдаг. Дуучин Мадоннагийн аав нь Итали, ээж нь Канадын Франц хүн байхад ерөнхийлөгч Обамагийн аав нь Луо (Африкийн нэг үндэстэн), ээж нь Англи, Герман, Ирланд, Велш гаралтай хүн байсан байна. Гэхдээ энэ хүмүүс бүгдээрээ Америкчууд гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө.

Харин манай Монгол улсын Үндэсний үзэл бол угсаатан ч төвтэй, иргэн ч төвтэй (цөөн хэдэн хүмүүсийн үзлийг эс тооцвол). Өөрөөр хэлбэл энэ хоёр үзлийн нэгдэл болно.

Ямар хүнийг Монгол хүн гэдэг бэ? Ямар ч байсан Шотланд юм уу Япон хүн Монгол байж таарахгүй. Монголд амьдраад, Монгол хэл сураад, Монгол улсын иргэн болсон Шотланд хүн Монгол уу? Тийм гэж хэлэх хүн олон гарахгүй байх. Тиймээс бидний Үндэсний үзэл угсаатан төвтэй.

Бас иргэн төвтэй. Иргэн төвтэй биш байсан бол бид Өвөр Монголчуудыг адилхан Монгол гэж үзээд надад энэ өгүүллэгийг бичих хэрэг гарахгүй байх байсан.

Иргэн төвтэй үзлийн тухай ярья л даа. Угсаатан төвтэй үзэлд тухайн үндэстний цус, хэл соёл, гарал үүсэл чухал байдаг бол иргэн төвтэй үзэлд улс чухал байдаг. Төрсөн цагаас л бид Монгол гэсэн энэ нэрийг Монгол улстай холбож, Монгол улсаар хязгаарлаж ойлгодог. “Монгол” гэж юу вэ? Бидний хариут: орос хятадын дунд оршдог одоогийн Монгол улс. Ямар хүнийг Монгол хүн гэдэг вэ? Тэр Монгол улсаас гаралтай, Монгол улсын иргэн хүнийг. Энэ үзлээр бол Өвөр Монгол, Халимаг, “Оросын Буриад” бидэнд ямар ч хамаагүй.

Гэхдээ Монгол улсын иргэний үнэмлэхтэй Өвөр Монгол хүнийг бид Монгол гэж үзэх үү? Үгүй л болов уу. Хэдийгээр тэр Монгол улсын иргэн, Монгол угсааны хүн боловч Монгол улсаас гаралтай биш юм. Ээж аав, эмээ өвөө нь Монгол улсаас гаралтай биш. Бидэнтэй адилхан нийслэлийн 10-н жилийн сургуульд сурч, найз охиндоо Хүлээлтийг дуулж өгч, Орос кино үзэж өсөөгүй. Өөрөөр хэлбэл манай улсын соёлыг шингээж өсөөгүй.

Аливаа үндэстний соёлыг “ардын” соёл урлаг гэдэг. Тэгвэл аливаа улсын соёлыг “поп” соёл гэе.

Манай Монгол улсын “поп” соёлд юу багтах вэ? Норовбанзад, Жавхлан, Харанга, Хурд, Lemons, Camerton, Гурван охин, эдгээр хүмүүсийн дуулдаг дуунууд, Боролдойн цаг, Цагийн хүрд, Юндэн Нансалмаа, Зэрэг нэмэхийн өмнө, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, Цаг агаарын мэдээгээр явдаг дуу, 10-н жилийн сургуулиуд, Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж (болон олны танил бусад хүмүүс), Тэрэлж, Зайсан толгой, Сүхбаатарын талбай, Модны хоёр, Яармаг, Зуун айл, хуучин Бамбарууш кафе, Улсын цирк, Чойном Явуухулангийн яруу найраг. За тэгээд нийслэл салад, Дунайски салад, Урбаник, Маги, хуйцай, пүнтүүзтэй хуурга, гуляш, тефтель. Тэр ч бүү хэл Халтар царайт, Ошин (олон ангит кинонууд), АББА, Смоки, Москвагийн бороо, Эрхүүгийн вагоны буудал, Ну Погади, Подмосковные вечера, квас, зивир. Энэ бүхэн манай поп соёлд багтана.

Өвөр Монголчууд ардын соёл урлагаа (Монгол бичиг, Хөхөө Намжилийг) мэддэг ч Монгол улсын поп соёлыг (Кирил бичиг, Ну Погадиг) тэр болгон мэдэхгүй. Тэглээ гээд Өвөр Монголчууд Монгол биш гэж үү?

Миний хэлэх гэсэн санаа бол их энгийн: Кирил үсэг, Ну Погадиг мэдэх мэдэхгүй нь Монгол хүн байхтай ямар ч хамаагүй байх ёстой. (Ну Погади чинь Орос шүү дээ!) Өвөр Монголчууд Монгол улсын соёлыг шингээж өсөөгүй ч тэд Монгол хүмүүс. Биднээс арай өөр замыг туулж, замдаа арай өөр голыг гаталж, гатлахдаа арай өөр чулуун дээр л бүдэрсэн хүмүүс.

Бид яагаад Өвөр Монголын тухай үлгэр зохиодог вэ? Та одоо хариултыг нь мэднэ. Манай Монгол улс байгуулагдахад улсын шинэ Үндэсний үзэл гарч ирсэн. Энэ үзлээр зөвхөн Монгол улсын Монголчууд л “Монгол” болсон юм. Колумбус Атлантын далайг гатлаад л Ази байгаа гэсэн шиг бид Монгол улс дотор л Монгол байгаа гээд, үүнийгээ зөвтгөхийн тулд элдэв төрлийн үлгэр зохиосон юм.

ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ ер нь хэнд хэрэгтэй вэ? Энэ асуултанд хариулах хэрэгтэй. Үндэсний үзэл аливаа ард түмнийг нэгтгэдэг. Хэсэг хүмүүсийг хооронд нь эвтэй болгодог л гэсэн үг. 17 дугаар зуунд Монголын талд Үндэсний үзэл байсан бол Монголын олон аймгууд хоорондоо эвтэй сууж, бид Манж нохдын хоол нь биш хорлогч нь болох байсан биз! Тэр үеийн Монгол ноёд Монголын төлөө биш өөр өөрсдийнхөө төлөө л хөдөлж байж. Үүнийг Монгол ноёдын хувиа хичээсэн өөдгүй зангаар тайлбарлаж болно. Эсвэл тэр үед үнэхээр Монгол Үндэсний үзэл байгаагүй гэдгээр тайлбарлаж болно. Би хоёрдох тайлбарт нь илүү итгэж байна.

Одоо бол мэдээж 17 биш 21 дүгээр зуун. Гэхдээ эв найрамдал бидэнд цэвэр агаар, цэнгэг ус шиг хэрэгтэй хэвээр. Үндэсний үзэл байхад бие биенээ урах дөхдөг хүмүүс, үндэсний үзэлгүй бол юу болох вэ? Ялангуяа манай Монгол хэл соёл уналтад орсон Даяарчлалынэрин үед Үндэсний үзэлгүй бол бид дэлхийд уусах биз. Ер нь уусъя гэж бодож байгаа юм бол өөрсдийгөө Монгол гэж дуудаад ямар хэрэг байна!

Харин ямар Үндэсний үзэл манай Монголд тохирох вэ? Ямар ч байсан одоогийнх шиг ийм хязгаарлагдмал үзэл бидэнд таарахгүй. Бид цөөхнөө (2.8 сая) гайхаж өөрсдийгөө өрөвдөх дуртай. Гэтэл биднээс гадна 6-7 сая цэвэр Монгол угсааны хүмүүс байгааг хардаг ч үгүй, харахыг ч хүсдэггүй. Мах цусны Монгол хүн байхад Монгол биш гэж хэлэх бол утгагүй. Монгол хүн бол Монгол хүн, үүнийг бидний толгой доторх үзэл өөрчлөхгүй. Тиймээс Үндэсний үзлээ бодит байдалтай нийцүүлж, угсаатан төвтэй болгох нь зөв.

Иргэн төвтэй үзэл бол хүмүүнлэг чанартай, бас сайн талуудтай. Гэхдээ Монгол биш Америк мэтийн олон үндэстэн цугласан улсад илүү зохино. Мянга түмэн гадаад хүмүүсийг улсдаа шингээхийг л хүсээгүй юм бол бид иргэн төвтэй үзлээр юугаа хийхэв? Ази тивийн атмаан нүүдэлчин Монгол үндэстэнг хүн ард, хэл соёлтой нь авч үлдэх бол бидний тэргүүн зорилго байх ёстой. Энэ зорилгод дэм болохыг нь авъя, саад болохыг нь зайлуулъя.

ӨВӨР МОНГОЛЧУУД биднийг ахан дүүсээ гэдэг. Бид тэднийг хужаа гэдэг. Бид л хошин шогийг бодит амьдралаас ялгаж чадахгүй Өвөр Монголын хэл аялгыг шоолж, хэлдэггүй үгийг нь хэлдэг болгож ярьдаг. Гэсэн ч тэд биднийг сайн явахад баярлана, муу явахад зовно.

Би энэ өгүүллэгээр ердөө ганцхөн зүйлийг л уриалах гэсэн юм: Монгол хүн Монгол хүндээ элэгтэй байя.

Монгол хүн Монгол хүндээ элэгтэй байя. Гэхдээ “Монгол хүн”-ийг тодорхойлохдоо Буриад Монгол, Халимаг Монгол, Зүүнгарын Монгол, Дээд Монгол, Өвөр Монголыг оруулъя.

Үүнээс илүүг би хүсээгүй. Тав гаруй сая Өвөр Монголчуудыг Монгол улсад авчиръя гээгүй. Өвөр Монголчууд Монголд ирвэл би баярлана. Гэхдээ Өвөр Монгол найзуудын минь хэлдгээр: Өвөр Монголчууд хятадад эзлэгдсэн ч газар нутгаа орхиод явахыг тэр болгон хүсэхгүй.

Бас Ар Өвөр Монголыг нэгтгэж нэг улс болгоё ч гэж би хэлээгүй. Зүгээр л тэгж мөрөөддөг юм.

АР МОНГОЛ юм бол яагаад Өвөр Монголыг хамгаалах болов гэх мэтээр хүмүүс миний тухай асуух нь лавтай. Тийм болохоор өөрийнхөө тухай бичье гэж бодлоо. Гэхдээ өөрийгөө чухалчлах гэсэн юм биш. Та энэ хэсгийг орхиж болно шүү дээ.

Лондонгийн Их Сургуулийн харьяа Ази Африк Судлалын Сургууль гэж байдаг. Англи нэр нь School of Oriental and African Studies буюу SOAS. Би энэ сургуульд сурч байгаагүй, гэхдээ номын санд нь Лондонд байх чөлөөт цагийнхаа ихэнхийг өнгөрөөсөн. Нутгаа санасан хүн л тэгж чадах байх. Учир нь номын сангийн 3 дугаар давхарт бүтэн эгнээ Монголтой холбоотой номнууд байдаг. Кирилээр, Монгол бичгээр бичсэн номнуудаас гадна англи орос хэлээр Монголын тухай бичсэн номнууд байна. Нууц Товчоо, Алтан Тобчи, Болор Эрхи, Монголын уран зохиолын түүврүүд, Монголч эрдэмтэн Owen Lattimore-ын номнууд гээд тэнд Монголд ховор олддог номнууд хүртэл байдаг.

Тэр дунд Урадын Булаг гэдэг хүний Nationalism and Hybridity in Mongolia гэдэг ном байсан. Энэ номыг би дуустал нь уншаагүй л дээ. Зөвхөн өмнөх үгийг нь л уншсан. 4, 5-хан хуудас. Тэр өмнөх үгээс юу олж мэдсэн юм бэ гэвэл: Булаг гуай Өвөр Монгол хүн. 90-ээд оны эхэнд бөөн баяр болсоор Монголд ирсэн. Учир нь Булаг гуай өөрийгөө Хятад биш Монгол гэж үздэг. Өвөр Монголчууд бүгдээрээ өөрсдийгөө Монгол гэж үздэг. Өвөр Монголчууд нутаг дээрээ цөөнх болж, газар шороон дээрээ харийн нутагт байгаа юм шиг болсон. Тиймээс Монгол улсруу харах болж, Монголд очиж үзэхийг мөрөөдөж, Монгол хүн газар шороондоо эзэн суудаг гэж Монголыг диваажин шиг сэтгэдэг болсон. Харин Булаг гуайг Монголд ирэхэд түүнээс асуусан нь: “Чи эрлийз үү? Чи хужаа юу?”

Үнэндээ би ч саяхан болтол Өвөр Монголын тухай боддоггүй жирийн нэгэн Халх хүн байлаа. Хүний амьдрал сонин юм. Лондон хотод байхдаа би Монголд байхаасаа илүү Монголынхоо тухай судалж сонирхжээ. Тэгээд миний олж мэдсэн зүйлсийн нэг нь “Өвөр Монгол чинь Монгол юм байна” гэсэн энэ нээлт байсан юм. Та ч мөн энэ нээлтийг хийсэн байх гэдэгт найдаж байна. Тийм бол найздаа дамжуулж хэлээрэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ