Мэргэжлийн хяналтаас анхааруулж байна

МХЕГ-аас Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхээр "Нарантуул" зах дээр борлуулж буй 10-120 литрийн багтаамжтай, иргэдийн хамгийн их хэрэглэдэг долоон төрлийн хуванцар савнаас дээж авчээ. Энэхүү шинжилгээгээр хуванцар саванд хадгалсан усан дахь аммиакийн агууламж стандартад заасан хэмжээнээс 27 дахин их гарсан бөгөөд хадгалах хугацаа нэмэгдэх тусам химийн бодисийн шилжилт нэмэгдэж байгаа нь тогтоогдсон байна.

Мөн хуванцар саванд хадгалсан сүүнд хар тугалга стандартад заасан хэмжээнээс 3-4, айрганд 4.4 дахин их агууламжтай гарсан аж. Үүнд үндэслэн “2”, “4” гэсэн тэмдэглэгээтэй хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэхийг багасгах, “3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээтэй болон тэмдэглээгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар хэрэглэхгүй байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулав. Харин олон улсад мөрдөж буй “1”, “5” гэсэн тэмдэглэгээ бүхий хуванцар савыг хүнсний зориулалтаар хэрэглэж боломжтой ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ