Ийм л хувь тавилантай юм болов уу?

Сайн байцгаана уу. Та бүгдэд энэ захиаг унших мөчийн мэндийг хүргэе. Би одоо 39 настай. Жирийн нэгэн бүсгүй байна. Бусдын нүдээр харвал болж бүтэж яваа харагдах байх даа. Өөрийн минь хувьдхосын амьдрал гэж байсангүй, насны ихэнхийг ганцаараа туулж өнгөрүүлж явна. Би багадааих номын хүүхэд байсан. Тэгээд сургууль, боловсрол, ажил гэр гэж явсаар байгаад бүүр 30 гарсан хойноо хүнтэй сууж, суух ч гэж дээ бараг амьтан хүний үглэлтээс залхаад, өөрөө хувь хүнийхээ хувьд ч гэрлэх нас оройтчихлоо гэж яараад нэг найз залуутай болсон. Би бараг тэрэнд хамаг оюун бодол, сэтгэл бүх зүйлээ зориуллаа. Гэрлэх хүн маань ч гэж итгэж, нөхөр минь гэж бодлоо.

Гэтэл багын дотны анд олдсон нэг чихрээ хүртэл хувааж иддэг найз бүсгүй маань нөгөө нөхөр болох найз залуу 2 маань хоорондоо учиртай болж эхэллээ. Би ч өөрөө их намуухан дөлгөөхөн хүн л дээ. Тэгээд би юм үзээгүй зан гаргаад найз, нөхөр 2-гоо хий хардаад байна уу гэж өөрөө өөртэйгөө их зөрчилддөг байсан ч яваандаа энэ нь нотлогдож, би тэр 2-т өөрөө сайн дураараа зайгаа тавьж өгсөн. Өө тэгээд би чинь аминдаа хүн л юм болохоороо бүтэлгүй дурлалдаа гутарч, их хэцүү байсаан. Одоо бодоод байхад тэгэхэд би тэгж байр сууриа тавьж өгөх ёсгүй л байсан юм байна лээ. За энэч яахав.

Тэгж бүтэлгүй хайраасаа болоод нэлээн их хугацааг шаналж яваад дахиж нэг залуутай таарч, уулздаг болсон. Их хөөрхөн ааштай залуу байсан. Хэн хэн нь суух төлөвлөгөөгүй байсан л даа. Тэгээд сар гаран дотны холбоотой байж байтал би жирэмсэн болоод би анхны жирэмслэлт байсан учраас ямар ч байсан төрүүлнэ гээд 34-тэйдээ төрүүлсэн. Хөөрхөн охинтой болсон, одоо 5 настай. Ханилах эр олддоггүй юм бол хүүхэдтэй л больё гэж шийдсэн байсан. Тэр хүслээрээ ч болсон доо.

Гэтэл одоо хүртэл би зөвхөн ажлаас гэр, гэрээс ажил гэсэн жимтэй амьдарсаар байна. Сүүлийн 2-3 жил хөгширөх гээд ч байх шиг. Ганц нэг хүн амьтан наануу цаануу гэх боловч би өөрөө ерөөсөө уулзах гарах орох сонирхолгүй байна аа. Энэ одоо нэг төрлийн өвчин бололтой. Уул нь суухгүй ч сэтгэлээ хуваалцдаг, найз залуутай болмоор байна. Та бүхэн надад чин сэтгэлийн зөвлөгөө өгнө үү. Намайг их жожиг хүн гэж битгий бодоорой. Би их олон найз нөхөдтэй хүн…

СЭТГЭГДЭЛ БИЧИХ