Жентельмэн Ж.Чингисийн жигтэй амьдрал

Алдарт “Халуун элгэн нутаг”-ийг дуулахаараа аргагүй зангарагтай дуучин гэдгээ харуулдаг байсан Ардын жүжигчин Г.Жаргалсайхан хэдхэн сарын өмнө тэнгэрт хальж, Монголын урлагт нэгэн орон зай эзгүйрч хоцорсон билээ. Энэ эрхмийн голомт залгах ганц хүү, эцгийнхээ авьяас, мэргэжлийг өвлөсөн дуучин Ж.Чингис цагтаа Монголын жентельмэн эрчүүдийн жагсаалтад дээгүүр давхиж, охид бүсгүйчүүдийг хуйлруулж явлаа. Аргагүй сонгодог урлагийн зүтгэлтэн аавын хүү гэсэндээ жазз стилээр дуулж, “Классик трио” хамтлаг хүртэл байгуулж явсан тэрээр 2000-аад оны эхээр гэр бүлийн хамт Америкийг зорьсноор урлагийн тайз болоод олон түмний анхаарлаас холдож одсон.

Олон жилийг харьд өнгөрүүлсэн хосууд одоогоос 3 жилийн өмнө эх орондоо ирж, “Гэгээн муза” наадмаар хослон дуулж, эргэж ирснээ тунхаглаж байв. Ингэхэд Ж.Чингисийн гэргий Уянга хэмээх энэ бүсгүй манайдаа бас л чадалтай, ховор хоолойтой эмэгтэй дуучдын нэг байсан төдийгүй нөхрийнхөө “Классик трио” хамтлагт дуулдаг байлаа. Урлагийн тогооноос бие биенээ олсон хосуудыг суусны дараа Уянга бүсгүйг гэр бүл салгаж, үймүүлсэн хэрэгт хэвлэлүүд буруутгаж байсан нь сонины шарласан хуудаснаа үлдсэн байх юм.

Учир явдлыг сөхвөл дуучин Ж.Чингисийн анхны гэргий, ууган хүүгийнх нь ээж сэтгүүлч Эрдэнэчимэг хэмээх бүсгүй. Манайхан энэ бүсгүйг 25-р суваг телевизээр гардаг “ТВ1” хошин мэдээллийн хөтөлбөрийн ерөнхий редактор, “Ийгл” телевизийн сэтгүүлч гэдгээр нь илүү дотно танина байх. Нэгэн үеийн телевизийн чадалтай сэтгүүлчдийн нэг Эрдэнэчимэг бүсгүй “Ийгл”-ийг анх байгуулагдахад тулгын чулууг нь тавилцсан анхдагчдын нэг. Улмаар өрх тусгаарлаж, хувийн студи байгуулсан нь чухамдаа “ТВ1” юм.

Эрдэнэчимэг, Чингисхоёр хойно оюутан байхдаа танилцаж, дотносон, хамтран амьдарч байсан бөгөөд дуучин Ж.Чингисээс салахгүй гэсэндээ оюутны байрны 2 давхраас үсэрч, хөлөө гэмтээж байсан романтик ч гэмээр гашуун түүх тэдний амьдралд бий. Энэ тухай Эрдэнэчимэг бүсгүй ч нууж хаалгүй ярьдаг байв. Гэвч эцсийн эцэст Ардын жүжигчний царайлаг хүү Уянга бүсгүйг амьдралынхаа ханиар сонгож, хөөрхөн хүүтэй болж байсан нь өдгөө том хүү болсон байна.

Ийм сонин амьдралын намтар түүхийг туулсан хосууд өдгөө тусдаа амьдарч байгаа нь ажил, амьдралын шаардлага гэнэ лээ. Ноён Ж.Чингис Оюутолгойн Соёл урлагийн салбарын даргаар ажиллаж байгаа бол гэргий Уянга нь урд хөрш Өвөрмонголд ажиллаж, амьдарч байгаа аж. Сонирхуулахад Уянга бүсгүйн төрсөн дүү Дуулим хэмээх бүсгүй энэ жилийн Universe best songs уралдаанд оролцож, шилдэг 25-д тунаж үлдээд байгаа. Тэгэхээр эднийхэн угаас урлагийн авьяастай бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ