Энэтхэгт орсон цусан борооны учрыг тайллаа

Энэтхэгийн Керал хотод 2001 онд хоёр сарын хугацаанд нэг бус удаа цус мэт улаан өнгөтэй бороо оржээ. Байгалийн энэхүү содон үзэгдлийн тухай дэлхийн хэвлэл мэдээллээр шуугиад өнгөрсөн ч борооны учрыг нарийн тогтоож чадаагүй юм. Тиймээс цусан борооны учрыг тайлахаар Энэтхэгийн Коттаям их сургуулийн физикийн эрдэмтэн Годфри Луис олон жилийн турш судалгаа хийжээ. Тэрбээр борооны усыг микроскопоор судлахад найрлагад нь 4-10 микрометрийн хэмжээтэй бөөрөнхий улаан хэсгүүд байгааг ажигласан байна. Манай гариг дээр өмнө нь улаан бороо орсон тохиолдол хэд хэд бүртгэгдж байсан. Английн өмнөд эргээр 1968 оны долдугаар сард цусан бороо орж байжээ.

Уг борооны усыг судлахад Сахарын цөлийн элс болох нь батлагдсан байна. Сахарын элс салхиар туугдан Атлантын далайг гаталж Америк тивд хүрэх нь ч элбэг тохиолддог. Колумбын жижигхэн тосгон Ла Сиерра Чокод цусан улаан өнгөтэй бороо 2008 онд орж байсан гэх баримт бий. Орон нутгийн бактери судлагч дээжийг нь авч ойролцоох лабораторит шинжлүүлсэн нь “цус” гэж гарсан ба олон нийтийн гайхширлыг төрүүлжээ. Нутгийн сүсэгтэн Жонни Милтон Кордобагийн үзсэнээр энэ нь хүн төрөлхтөн нүгэл үйлдэхээ зогсоохгүй байгаагаас ийнхүү “Бурхан-Эзэн тэнгэр” хилэгнэж цусаар бороо оруулсан гэжээ. Энэ мэт улаан бороо орсныг олон янзаар тайлбар ч олон янз байгаа нь хүмүүсийг гайхшируулах үндэс болдог биз. Тэгвэл эрдэмтэн Годфри Луисийн судалгаагаар Энэтхэгт орсон бороо ямар нэгэн бурхны дохио, элс шороо биш аж. Борооны уснаас илэрсэн улаан өнгийн биетийн 50 хувь нь нүүрстөрөгч, 45 хувь нь устөрөгчөөс бүрдсэн ямар нэгэн биет гэнэ. Эрдэмтэн Годфри Луисийн тайлбарласнаар тэнгэрээс улаан бороо орсон нь Керал хотын агаар мандлын дээд давхаргаар дайрч өнгөрсөн солиртой холбоотой ажээ. Мөн оны долдугаар сарын 25-нд хотын дээгүүр солир харван өнгөрсөн ба хотын иргэд хүчтэй чимээ сонсч тэнгэрт гэрэл цацрахыг харсан байна. Годфри Луисийн үзэж байгаагаар сүүлт одноос агаар мандалд үлдсэн сансрын бичил хэсгүүд борооны дусалтай холилдон орсон нь хүмүүст цус мэт улаан өнгөтэй харагдсан гэж үзжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ